Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Үнэнбат: Иргэд ажилтай орлоготой, ухаалаг хямгач хэрэглээтэй, хуримтлалтай байхад л болно

У.Гэрэл, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай сонин иргэдийн санхүүгийн боловсролд нэмэр болох зорилгоор эдийн засаг, санхүүгийн салбарын төлөөллүүдийн санал, бодлыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа бид Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатыг онцоллоо.

-“Хэрэглэгчдийн итгэ-лийн индекс ба 2019 оны хүлээлт” судалгаанд иргэдийн суурь сан-хүүгийн ойлголт хүртээмжтэй, харин ахисан төвшний буюу хөрөнгийн зах зээл, банк, санхүү, даатгалын тухай төдийлөн ойлгодоггүй гэдгийг онцолсон байсан. Түүнчлэн тус судалгаанд иргэд ойрын ирээдүйгээ гутрангиар харсан хариулт олныг хэлсэн байсан. Тодруулбал, иргэдийн 72-80 хувь нь “Инфляц өснө” гэсэн хүлээлттэй байсан бол “Ам.долларын ханш цаашид өсөх эсэхийг мэдэхгүй” гэж олонх нь хариулсан байна лээ. Үүнээс иргэдийн санхүүгийн мэдлэг ямар хэмжээнд байгааг мэдэж болох байх. Та юу гэж харж байна вэ?

-Дундаж иргэнээс ахисан түвшний санхүүгийн мэдлэг шаардвал шударга бус хэрэг болох байх. Харин санхүүгийн суурь ойлголттой иргэдийн ойрын ирээдүйгээ төсөөлсөн байдлыг нэлээд үндэслэлтэй гэж үзэж байна. Тэд дотоод улс төрийн үйл явц, гадаад орчин түүнээс улбаалсан хөрөнгө оруулалтын ерөнхий орчин, эдийн засгийн бодлогын үр нөлөө, төрөөс бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа байдал зэрэг бодит хүчин зүйлийг харгалзсан байх магадлалтай. Бид санхүүгийн боловсролын чиглэлээр иргэдээс олон зүйл шаарддаггүй. Юуны өмнө ажилтай орлоготой, ухаалаг хямгач хэрэглээтэй, хуримтлалтай байхад л болно.

-Монгол Улсын санхүүгийн салбарын дийлэнх хувийг банкны салбар бүрдүүлдэг. Энэ салбарт иргэдийн төдийлөн сайн ойлгодоггүй үйлчилгээ олон бий. Ер нь банкууд иргэдтэй ойр байх, тэдний санхүүгийн боловсролд тус болох үүднээс ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг уу. Тухайлбал, танай холбооны зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бий юү?

-Банкууд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулахын тулд харилцагчдын эрэлт хэрэгцээг ойлгож, түүнд тохирсон үйлчилгээ санал болгох, танилцуулах, ойлгуулах ажлыг өрсөлдөөнтэй орчинд хийдэг. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, банкныхаа үйл ажиллагааны цар хүрээг тэлэхийн тулд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг сайжруулахад банкууд анхаарахаас өөр аргагүй, анхаарч ч ирсэн.

Түүнчлэн санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр манай банкууд нийлж салбарын стандарт баталсан. Энэ чиглэлээр гарах хууль тогтоомжоос хамаарч хэрэгжүүлэх хугацаа нь тодорхой болно. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг Монголбанк, Монголын Банкны Холбоо хамтран хэрэгжүүлдэг. Дэлхийн хуримтлалын өдөр, Олон улсын мөнгөний долоо хоног зэрэг арга хэмжээ нь үүнд хамаарна. Ялангуяа ХБНГУ-ын Шпаркассен Сантай хамтарч тэмдэглэн өнгөрүүлсэн Дэлхийн хуримтлалын өдрүүд нь Монголын өсвөр үеийг хуримтлалтай болгоход чиглэсэн, хуримтлалын ач холбогдлыг сурталчилсан арга хэмжээ.

-Дэлхийн бусад улс орны иргэдтэй харьцуулахад монголчуудын санхүүгийн боловсрол ямар хэмжээнд байна вэ. Сайжруулахын тулд ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн ажиллах ёстой гэж та боддог вэ?

-Монголчуудын санхүүгийн боловсролын түвшинг бодитой үнэлэх шаардлагатай гэж боддог. Саяхан гарсан олон улсын нэгэн судалгаагаар монголчуудын эзэмшиж буй харилцах дансны тооноос үндсэндээ шалтгаалан санхүүгийн боловсрол өндөр гэх мэдээлэл нийг-мийн сүлжээнд тавигдсан. Дансны тоо бол санхүүгийн хүртээмжийг илэрхийлэхээс боловсролын түвшинг харуулахгүй болов уу.

Харин хоёр жилийн өмнө Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас гаргасан шиг сурагчдын санхүүгийн мэдлэг тайлагдалтыг тодорхойлох олон хөтөлбөрт Монголыг хамруулах нь зүйтэй. Үүний зэрэгцээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний стратегиа хэрэгжүүлээд явах нь зөв.

-Монголчууд хувийн санхүүгээ удирдах тал дээр хэр мэдлэгтэй гэж та дүгнэдэг вэ. Энэ онд найдваргүй зээлдэгчдийн тоо өссөн гэж Монголбанкнаас мэдээлсэн. Тооцоо судалгаагүйгээр зээл аваад, төлж чадахгүй иргэн олон байгаа юм билээ. Үүн дээр та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Олон талтай. Бид бүгд харж байгаа. Зээлээ бараг орлого гээд андуурчихсан тохиолдол ч байх жишээтэй. Энэ бол санхүүгийн боловсрол хэрэглээний хандлага нийгэм, орчинд яаж нөлөөлдгийг харуулсан жишээ. Миний байр суурь энгийн. Юуны түрүүнд ажилтай орлоготой бай, хямгатай хэрэглэ, хэрэглээгээ хохироочихгүй төлж чадах хэмжээндээ зээл авч болно.

Гол нь бага гэлтгүй хуримтлуул, хуримтлуулахыг зуршил болго. Хуримтлал бол өнөөгийн хэрэглээнээс илүү гарсан хэсэг, ирээдүйн хэрэглээ. Би өмнө нь ч хэлсэн бага гэлтгүй банканд хадгалуулах хэрэгтэй. Манай банкуудад тохирсон бүтээгдэхүүн хангалттай бий.

Зураг
Зураг
13 | 16 | 16 цаг