Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Улс төрийн намуудын хандивыг бүрмөсөн хориглох хэрэгтэй

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 28
iKon.MN

“Улс төрд хяналтгүй орж, гарч буй, эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөний урсгал Монголын ардчилалд ноцтой эрсдэл бий болгож байна” хэмээн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн(АСДҮОУХ) дүгнэжээ. “Улс төрийн санхүүжилт: Ёс зүй, оролцоо, хариуцлага” төслийн хүрээнд тус хүрээлэн Нээлттэй нийгэм форумтай хамтран судалгаа хийж, үр дүнг нь өнөөдөр танилцуулсан юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хувьд сонгуульд өрсөлдөж, парламентад суудал эзэлж буй томоохон намуудын санхүүжилтийг одоогоор хянах ямар ч боломжгүй, мөнгөний хэмжээнд хуулиар ямар нэгэн хязгаар тогтоогоогүйгээс улс төрийн намуудад ХАНДИВ нэрийн дор томоохон компани, корпорацуудын мөнгө орж ирж байна. Энэ нь эдгээр компани эргээд улс төрийн тогтолцооноос дэмжлэг хүсэх, цаашлаад намууд том компаниудын барьцаанд орохын эхлэл гэдгийг АСДҮОУХ-гийн мэргэжилтэн Каталина Урибэ Бурчер анхааруулав. 

Тиймээс намын хандивыг инфляцийн түвшин болон цалингийн доод хэмжээтэй улядуулах буюу зах зээлийн нөхцөл байдалтай хамаатуулан тогтоох нь эрүүл гэж үзэж байна. 

Хандивын мөнгө зөвхөн сонгуулиар бус, бусад үед ч улс төрийн намуудад цутгаж байдаг. Зөвхөн мөнгөн хандиваар зогсохгүй бараа, үйлчилгээ хэлбэрээр орж ирдэг тусламжийг намууд тайландаа бага дүнгээр бүртгэх цоорхой Монгол Улсад байгааг Каталина Урибэ Бурчер шүүмжлэв. 

Сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй гишүүдийн ДЭНЧИН хэмээн бас нэг мөнгөний эх үүсвэр бий. Энэ мөнгө 2000 оны сонгуулиар 20 сая төгрөг байсан бол 2012 онд 80 сая, 2016 онд бүр 100 сая төгрөг болтлоо үржигдсэн. 

Намд орж ирдэг санхүүжилтийн бас нэг хэлбэр нь төрийн дэмжлэг. Парламентад авсан суудлын тоогоор “цалин” авдаг тогтолцоог олон улсын байгууллага шударга гэж үзэхгүй байна. 

Энэ мэт төрөл бүрийн хэлбэрээр орж ирдэг улс төрийн намын санхүүжилтийг бодитоор хянах боломж Монгол Улсад огт алга хэмээн судалгаагаар дүгнэжээ. Хэдийгээр Үндэсний аудитын газарт эрх нь байгаа мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ уг эрхийг нь бүрэн олгоогүй байгааг шүүмжилсэн юм. 

Иймд дараах зөвлөмжийг АСДҮОУХ өгч байна. 

  • УИХ-д суудалгүй ч сонгуульд тодорхой амжилт үзүүлсэн намуудыг төсвөөс санхүүжүүлэх. Тодруулбал, нийт сонгогчдын 3-4 хувийн саналыг авсан нам улсаас санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болох.
  • Улс төрийн намуудад төсвөөс олгож буй санхүүжилтийг тодорхой хувийг эмэгтэйчүүд болон залуусын оролцоог дэмжихэд чиглүүлэх. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцооны түвшингээр 144 орноос 107-д бичигдэж байгааг энэ зуур сануулав. 
  • Намууд сонгуулийн болон сонгуулийн бус үед мөнгөн хандив авсан бол тодорхой шалгуурт үндэслэн тооцож, хянах.
  • Хувь хүнээс авах хандивын хэмжээг нэмэгдүүлж, хуулийн этгээдийнхийг багасгах, бүр цаашлаад бүрмөсөн хориглох хэрэгтэй.
  • Нэр дэвших хүсэлтэй гишүүдийн дэнчин өгдөг туршлагыг нэгмөсөн халах. Эсвэл хувь хүн өгч болох хандивтай адилтган хязгаар тогтоох
  • Сонгуулийн кампанит ажлын зардлыг бууруулах, хувийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулж буй зардлыг нарийн хянах
  • Төрийн санхүүжилт, хандив болон зардлын дээд хэмжээг эдийн засгийн савалгаа, инфляц, цалингин дундаж хэмжээтэй уялдуулах томьёог нэвтрүүлэх.

Энэ бол улс төрийн намуудын санхүүжилтийг эрүүлжүүлэх олон улсын туршлагын дүнд бий болсон жор аж. 

Судалгааны үр дүнг танилцуулсны дараа хэлэлцүүлэг өрнөсөн юм. Энэ үеэр 

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
  
Хандив нэрийн дор намууд барьцаалагдаж байна. Хууль бус зүйлтэй холбогдож байна. Тиймээс намууд хандиваас татгалзаж, харин намын гишүүдийн татвар хураамж, төрийн санхүүжилтээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Ингэснээр том компаниудаас хараат бус болох боломжтой. Мөн СЕХ ч сайн ажиллах хэрэгтэй. Зөвхөн сонгууль болохоор борооны дараах мөөг шиг олон болчихоод бусад үед үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй байдаг улс төрийн намуудыг хянаж, бүртгэдэг байх хэрэгтэй гэсэн бол 

 

Эдийн засагч Б.Мөнхсоёл:

Энэ асуудлыг маш олон удаа ярьж байгаа ч шийдэгдэхгүй байна. Сонгууль болохоор сонгогчдод өөрийгөө таниулж, мэдээлэл өгч, хийх гэж буй ажлаа танилцуулахын тулд нэр дэвшигчид маш их зардал гаргаж байгаа. Тийм учраас нийт сонгогчдын боловсролыг сайжруулах нь энэ зардлыг бууруулах боломжийг олгоно гэж хараад байгаа хэмээн саналаа хэлсэн юм.

АСДҮОУХ судалгааны хүрээнд хариуцлагыг тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгааг мөн авч үзжээ. Тухайлбал, улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнахгүй бол дараагийн сонгуульд бүртгэхгүй гэсэн ганц л хөшүүрэг байгаа нь хангалтгүй бөгөөд хэрэгжихгүй байгааг Каталина Урибэ Бурчер шүүмжилсэн юм. Үүний оронд мөнгөн хэлбэрээр буюу торгууль ногдуулах байдлаар хариуцлага тооцох нь үр нөлөөтэй гэдгийг хэлсэн.

Тус хүрээлэн нь сүүлийн 15 жилийн хугацаанд намын санхүүжилт улс төрд хэрхэн нөлөөлж, авлигыг бий болгодог талаар судалгаа хийж ирсэн бөгөөд Монгол, Парагвай, Молдова гэсэн гурван оронд хамгийн сүүлд судалгаа хийсэн байна. 

Зураг
13 | 12 | 13 цаг