Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссан Мотор компани ТУЗ-ийн даргын суудлаас Карлос Гоныг огцрууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Олон жилийн турш Японы бизнесийн салбарт од болж байсан Карлос Гоны эрин үе албан ёсоор өндөрлөлөө. Тэр санхүүгийн зөрчил гаргасан шалтгаанаар Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгчийн дээд албан тушаалыг орхиж байна.

Өчигдөр Токиод болсон Ниссан Мотор компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) хурлын дараа түүнийг ТУЗ-ийн даргын суудлаас огцруулж байгааг зарлажээ.

Гон одоохондоо ТУЗ-ийн гишүүнээр үлдэж байгаа ба удирдах зөвлөлөөс бүр мөсөн гаргахын тулд хувь эзэмшигчдийн хурлын шийдвэр хэрэгтэй юм.

Харин Францын Renault компани шалгалтын дүнг гартал Карлос Гоныг гүйцэтгэх захирал хэвээр үлдээх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Карлос Гон 2001 оноос эхлэн Nissan-Renault Alliance бизнесийн түншлэлийг байгуулж, хоёр компанийг хоёуланг нь удирдаж байсан юм. Сүүлд энэхүү бизнесийн хамтын ажиллагаанд Мицубиши Моторс нэгдсэнээр 2016 оноос эхлэн бас тус компанийн ТУЗ-ийн даргын албыг давхар хаших болжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Карлос Гоныг Японы прокурорууд гэнэт баривчилсан нь Nissan-Renault-Mitsubishi нэгдлийг доргиосон юм.

Түүнийг сүүлийн таван жилийн хугацаанд цалин орлогын хэмжээгээ бууруулж тайлагнасан, компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэрэгт сэжиглэж байна.

Өнгөрсөн хугацаанд Карлос Гоны амьдрал ч тансаглалаар дүүрэн байсан юм. Тэрээр хоёр дахь хуримаа Францын хаан Луй XIV-ийн амьдарч байсан Версаль дахь харшид хийж байв. Мөн Рио де Жанейро, Бейрут, Парис, Амстердамд тансаг хувийн сууц эзэмшиж байснаа албаны бичиг баримтад тусгалгүй нууцалж байжээ.

Хэрвээ Гон буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жил шоронд хоригдох юм. Ниссан Мотор компани өчигдрийн мэдэгдэлдээ Гоны хэргээс хамааран Renault-тай байгуулсан бизнесийн түншлэл нь задрахгүй, хэвээр үлдэнэ гэж мэдэгджээ.

19 жилийн турш тогтвортой хамтран ажилласан уг нэгдэлд дэлхийн 200 орны 470,000 ажилтан хамрагддаг. Ниссан нь Renault-ийн 15 хувийг эзэмшдэг, хамгийн том хувь эзэмшигч нь юм.

Харин Францын автомашин үйлдвэрлэгч Ниссаны 43 хувийг эзэмшдэг. Зарим хэвлэлд мэдээлж байгаагаар Карлос Гон хоёр компанийг нэгтгэх санаатай байсан бол Япончууд үүнд нь дургүй байсан гэжээ. Франц, Японы эдийн засгийн сайд нар өнөөдөр Парист уулзаж, өөрсдийн автомашин үйлдвэрлэгчдийн түншлэлийг хэрхэн хадгалж үлдэх талаар хэлэлцэх гэнэ.

 

Эх сурвалж: Quartz