Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өгөх нь авахаас илүү таашаалтай

ikon.mn
2018 оны 11 сарын 19
Сурталчилгаа
 

Билл Гэйтс 95.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй (Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 8 дахин их). Энэ баримт түүнийг манай гаригийн хамгийн баян хүмүүсийн нэг болгодог. Гэхдээ үүнээс гоё баримт бий. Тэр “The Giving Pledge” сангаараа дамжуулаад нийт хөрөнгийнхөө 95 хувийг сайн үйлст хандивлахаа зарлаж, улмаар бусад тэрбумтнуудыг хөрөнгийнхөө ядаж тал хувийг дэлхийг арай илүү жаргалтай газар орон болгоход хандивлаач гэж уриалсан. Одоогоор 34.6 тэрбум ам.доллар сандаа цуглуулж амжсан гэх. Сүүлийн арван жилд түүний сэдэж, санаачилж, оролцсон сайн үйлийг жагсаана гэвэл нийт хөрөнгийг нь нэг нэгээр нь тоолохтой дүйх хэцүү ажил. Тун саяхны жишээ дурдвал арай амар болов уу.

Саяхан Бээжинд болсон “Reinvented Toilet Expo”-д Билл Гэйтс оролцохдоо шилэн саванд хийсэн хүний ялгадас барьж гарч иржээ. Тэгээд “Энэ ялгадас дотор 200 их наяд анхдагч нян, 20 тэрбум шигелла бактери, 100 мянган шимэгч хорхойн өндөг бий” гэж хэлэв. Итгэмээргүй, бас муухай байгаа биз. Тэгвэл дараачийн баримт үүнээс “муухай”. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өдгөө 2.3 тэрбум хүн ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй жорлонд бие засдаг гэжээ. Тийм учраас Билл Гэйтс үхэн үхтлээ бохир жорлонтой тэмцэнэ гэдгээ зарласан юм.

Дээрх 2.3 тэрбумын тоонд Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг багтаж байгаа. Улсын нийслэл дахь Төрийн ордноос хойш 1.5 км явахад айлуудын ухсан жорлон хэдэн мянгаараа тааралдана. Түүнээс цаашилж, хөдөөг зоривол нөхцөл байдал бүр ч хэцүү. Гэвч хөгжиж буй манайх шиг улсад зовлон бэрхшээл, асуудал олон байдаг учраас үнэндээ жорлонтой ноцолдох зав үгүй. Хөдөө орон нутгийн сургууль, эмнэлэг цөм гаднаа модон жорлонтой гэдгээс эхлээд Билл Гэйтсийг дуудаж зовлон тоочих шалтгаан мундахгүй. Тэр харин өдөрт 5 центээс илүүгүй зардлаар ажиллаж, ус, цахилгаан огт хэрэглэхгүй ариун цэврийн байгууламж бүтээж, дэлхий нийтийн хэрэглээ болгохоор сэдэж яваа учраас “завгүй”. Харин манайд “Мобиком” Билл Гэйтсийн үүргийг гүйцэтгэж байна. Худал магтах гээгүй юм шүү, надад баримт байна.

“Мобиком” 2014 онд буюу Билл Гэйтс ухамсарт амьдралаа бохир жорлонтой тэмцэхээ зарлахаас дөрвөн жилийн өмнө “WASH” төслийг эхлүүлсэн. Уг төслийн ачаар гурван жилийн хугацаанд 17 аймгийн 80 сумын сургууль цэцэрлэг ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжтай болж 54,000 орчим сурагч өнөөдөр байнгын халуун хүйтэн усаар гараа угаах, боловсон тав тухтай орчинд бие засах мөн зарим сургууль халуун усанд орох дүштэй болсон юм. “Хүүхэд эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” хэмээн Үндсэн хуулиндаа заасан байтал хөдөө сумдын сургуулиуд ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй боловсон бус жорлонд хүүхдүүд бие засаж, гараа ч угаах боломжгүй байдаг. Бид нийгмийн хариуцлагын ажлынхаа гол цөмийг хүүхэд хэмээн тодорхойлж, нэн тэргүүнд анхан шатны суурь хангамжийг эрүүл, аюулгүй болгохыг зорьсон” хэмээн “Мобиком” Корпорацийн Сурталчилгаа, Олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзориг хэлэв.

“Дэлхийн зөн Монгол”-той хамтран уг төслийг хэрэгжүүлэхдээ “71 хувь” гэдэг тоон дээр гол анхаарал хандуулжээ. 2014 оны судалгаагаар Монголын нийт хүн амын дөнгөж 35 хувь нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан усны эх үүсвэрт холбогдсон байсан бол хөдөө орон нутгийн иргэдийн хувьд энэ үзүүлэлт 29 хувь. Үлдсэн 71 хувийг яах вэ? Тэгээд л тэд цаг алдалгүй ажилдаа орж. Учир нь судалгаагаар баруун аймгуудын сургуулиудад гэдэсний өвчин, гепатит зэрэг халдварт өвчин түгээмэл болсон бөгөөд эдгээр өвчин эмгэгийн гол шалтгаан бол ариун цэврийн өрөө болон бохир ус зайлуулах төхөөрөмж, угаалтуур зэрэг зүйлс хангалтгүй, цэвэр ус дамжуулах хоолой байхгүй, ариун цэвэр сахих үндсэн мэдлэг дутмаг байдагтай холбоотой гэж гарч. Үүний улмаас хүүхдүүд хүнд өвчин тусч, хичээлийн хоцрогдолд ороход ч хүрдэг байна. Мөн өвөл гадаа жорлон гүйхдээ даарах, өсвөр насны онцлогоос болж ичиж зовох, ганцаараа биш хэд хэдээрээ орж “хамгаалалт” үүсгэхгүй бол асуудал үүсэх зэрэг эрсдэлүүд ч энд хамаатай. “Үнэндээ хэдэн арван жил сургуулиа тойрч жорлонгийн нүх ухсаар байгаад бидэнд шинээр нүх ухах газар ч үгүй болоод байлаа” хэмээн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуульд шинэ ариун цэврийн байгууламж хүлээлгэн өгөх үеэр сургуулийн ажилтан хэлжээ. Тэгэхээр жирийн нэг жорлонгоос эхтэй асуудал бүрэн цэгцдээ ормогц далд үнэ цэнэ, үр дүн нь ямар их байх вэ гэдгийн том жишээ энэ.

Урьд өмнө төрөөс анхаарал хандуулдаггүй байсан шинэ, хэрэгтэй ажил сэдэхэд сумд зарим талаар бэлтгэлгүй байжээ. “Бидний хүлээлгэн өгсөн ариун цэврийн байгууламж цахилгаан багагүй зарцуулдаг, газрын гүнээс ус татаж, бойлуураа халаах, оройдоо гэрэлтүүлэг хэрэгтэй зэргээс эхлээд 00-ийн цаас, цэвэрлэгээний зардал зэрэг нь сургуулиудын төсөвт байгаагүй. Тийм болохоор бид асуудлыг бүрэн шийдвэрлэхийн эхний жилүүдэд Засаг даргын төсвөөс шийдүүлж, хоёр дахь жилээс БСШУС-ын яамтай хамтран урсгал зардлыг төсөвт нь суулгаж чадсан. Мөн Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, БСШУС-ын яамтай нийлээд ариун цэврийн байгууламжийн стандартыг батлуулсан” гэж Э.Чинзориг хэлэв. Орон нутагт нэн шаардлагатай байсан асуудлыг хувийн хэвшлийн компани шийдлийг нь олж, бүтээн байгуулалт хийж эхэлсэн нь одоо Засгийн бодлоготой хамтарч, “Мобиком” цаашид Монголын бүх сумын сургуулийг ариун цэврийн байгууламжтай болгохоор ажиллаж байгаа аж.

Хүний тусыг сайн муу, их бага гэж ангилах боломжгүй. Билл Гэйтс жорлонг сайжруулах төсөлд одоогоор 200 сая ам.доллар зарцуулаад байгаа бол “Мобиком” корпораци “WASH” төслөөс гадна нийгмийн хариуцлагын бүхий л төсөл хөтөлбөрүүддээ 7.2 тэрбум сая төгрөгийн хөрөнгө гаргаад байна. Хоёулангийнх нь анхаарал хандуулж буй сэдэв, үр дүн нэн хэрэгтэй учраас бид талархаад баршгүй. Компанийн нийгмийн хариуцлагаа яг хэрэгтэй, нэн шаардлагатай асуудал руу чиглүүлж чадна гэдэг сайн хэрэг.

“Манай компаниас хөрөнгө оруулалт хүссэн маш олон санал, төсөл ирдэг. Тэдгээрт бид нэгт, хүртээмж нь их, олон хүнд нөлөөлөхүйц, хоёрт амин чухал шаардлагатай байх, гуравт эрүүл ахуй хангасан гэх суурь шалгуур тавьдаг” гэж Э.Чинзориг хэлэв. “Мобиком”-ын нийгмийн хариуцлагын хүрээндээ хэрэгжүүлсэн төслүүд нямбай, амин чухал байдгийн нэг шалтгаан нь энэ болов уу. Тэд 2006 онд Монголд анх удаа сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг санаачилж, захын дүүргийн 12 сургуулийн I, II ангийн сурагчдад үдийн цай өгч эхэлснээр үр дүн нь маш өндөр байсны хувьд Засгийн газар дэмжиж, өдгөө орон даяар хэрэгжих болсон. Нийгмийн хариуцлагын төслүүдээ нэг удаагийн акц, PR-ийн хэрэгсэл болгоод өнгөрүүлэхгүй, харин ч зөв санааг бодитоор дэмжвэл олон мянган хүний амьдралд эергээр нөлөөлөх боломжтой гэдэгт урамшаад илүү далайцтай хөдлөхийг зорьж эхэлжээ.

Тэдгээрийн нэг нь хүүхдийн тусламжийн 108 утас. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг ихээр гарч байгаад эмзэглэсэн “Мобиком”-ынхон өөрсдийн чадах зүйлээр урьдчилан сэргийлэхэд нь туслахын тулд “Хүүхдийн тусламжийг утас”-ыг олон улсын стандартын дагуу бий болгохоор ажилласан байна. “Өмнө нь нь Хүүхдийн найз гээд дөрвөн оронтой утас ажиллуулж байсан нь жилд ердөө 1200 дуудлага хүлээж авдаг байсан юм билээ. Энэ бол гарч буй гэмт хэрэгтэй харьцуулахад тун бага тоо бөгөөд, ихэнх нь хүүхдийн хүчирхийлэл далд үйлдэгдэж, ил болохгүй байгаад нөлөөлсөн. Бид хүүхдэд амархан цээжлэгдэх 108 утсыг ажиллуулж, 24 цаг дуудлага хүлээж авч, үнэ төлбөргүй болгосноор жилд 200.000 дуудлага хүлээн авсан. Хэдийгээр энэ эмзэглэмээр тоо боловч, урьд нь мэдэгдэхгүй байсан зөрчил ил болж, тэр хэрээр шууд хариу үйлдэл, тусламж үзүүлэх боломж нэмэгдсэн” гэж Э.Чинзориг хэллээ. Дээрх дуудлагын 30 гаруй хувь нь хүүхдийн эсрэг зөрчил байсан бөгөөд тусламжийн утсыг хамтарсан багтай болгож, цагдаа, түргэний эмнэлэг, хороо дүүргийн нийгмийн ажилтантай холбосноор болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нэн даруй тусламж үзүүлдэг болжээ.

 

“Нийгэмд хэрэгтэй байгаа зүйлд туслах сайн үйлс бизнесийн адил маш их цаг, бүтээлч байдал шаардах тусам үр дүн нь мөнгөөр хэмжишгүй байдаг” хэмээн Билл Гэйтс хэлж байв. Хамгийн гол нь тэр бодитоор хийж бас бусдад үлгэрлэж байна. “Мобиком” ч мөн адил. Заримдаа дэлхий бүхэлдээ муу муухай хүмүүсээр дүүрсэн газар биш гэх итгэлийг сэргээж байгаа тэдэнд талархах нь зүйн хэрэг буюу.

 

Ж.Тэгшжаргал