Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын тагнуулынхан Хашоггийн хоолойн бичлэгийг сонссон тухай Трюдо мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Канадын ерөнхий сайд Жастин Трюдо сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хоолойн бичлэгийг тагнуулын албаныхан нь сонссоныг мэдэгджээ.

Ингэснээр өрнөдийн орнуудаас Канад улс анх удаа сэтгүүлчийн аллагын баримттай танилцсанаа хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд оролцсоныхоо дараа Парист энх тайвны чуулганд оролцож байгаа Трюдо “Туркийн талаас илгээсэн баримттай Канадын засгийн газар бүрэн танилцсан” хэмээн мэдэгдсэн юм.

Өнгөрсөн Бямба гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган сэтгүүлчийн аллагатай холбоотой аудио бичлэгүүдийг Саудын Араб, АНУ, Франц, Герман, Британи улсуудад дамжуулснаа мэдэгдэж байв.

Трюдо өөрөө уг бичлэгийг сонсоогүй, харин тагнуулын албаны хүмүүс нь сонсож, Туркийн талтай цааш хамтран ажиллаж байгаа гэсэн юм.

Харин бичлэгт ямар агуулга хадгалагдаж байгаа талаар дэлгэрүүлж яриагүй байна. Трюдо энэхүү нууцлаг хэргийг мөрдөн шалгахад хамтран ажиллаж байгаа Туркийн засгийн газарт талархал илэрхийлжээ.

Саудын Араб, Канад улсуудын харилцаа сүүлийн саруудад ноцтой хүндрээд байгаа. Наймдугаар сард Саудын Араб эмэгтэйчүүдийн эрхийн төлө тэмцэгчийг баривчилсан явдлыг Канадын засгийн газар хүчтэй шүүмжилсэн юм.

Хариуд нь Саудын эрх баригчид элчин сайдаа Канадаас татаж, хоёр орны хооронд байгуулсан бүх гэрээний хэрэгжилт, хамтын ажиллагаануудыг зогсоосон байна.

Одоогоор Канадаас бусад өрнөдийн орнууд Туркийн талаас аллагын баримт хүлээж авсан эсэх талаар ямар нэг мэдэгдэл огт гаргаагүй байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press