Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Инстаграм Чечений удирдагчийнх гэгддэг хаягийг устгажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Чечений удирдагч Рамзан Кадыровын байж болзошгүй хаягийг өнгөрсөн долоо хоногт Инстаграм компани устгажээ.

11 сарын өмнө түүний албан ёсны хаягийг мөн устгаж байсан юм. Гэвч сүүлд устгасан @za_kadyrov_95 хаягийг Кадыровтой холбоогүй гэж Чечений засгийн газар мэдэгджээ.

Гэхдээ уг хаягт зөвхөн Кадыровын авч чадах гэрэл зураг, видео бичлэгүүд нийтлэгддэг байсан тул түүнийх мөн гэж үзсэн байна. Рамзан Кадыров АНУ-ын засаг захиргаанаас зарласан хар жагсаалтад орсон тул ийм арга хэмжээ авсан юм.

Устгах үед дээрх хаяг нь 1.5 сая орчим дагагчтай байжээ.

Чечений засгийн газрын төлөөлөгч Жамбулат Умаров “Энэ хаягийг түүний дэмжигчид үүсгэсэн байх. Энд түүний хувийн архиваас авсан зураг, дүрснүүдийг нийтэлдэг байсан. Гэхдээ үүнд Кадыров ямар ч хамаагүй” гэж мэдэгдсэн байна.

2004 онд эцэг нь алагдсаны дараа Кадыровыг Кремлийн эрх баригчид Чечений БНУ-ын тэргүүнээр томилсон юм. Одоо 42 настай Кадыровыг хүний эрх зөрчсөн олон хэрэгт холбоотой гэж үздэг.

Түүнийг Оросын өндөр албаны хүмүүсээс сошиал сүлжээнд хамгийн их идэвхтэй, бүр Инстаграмын дон туссан хүн гэх нь бий.

2017 оны арванхоёрдугаар сард Фэйсбүүк, Инстаграм компаниуд Кадыровын хувийн хаягуудыг устгасан юм. Үүний дараа Кадыров Mylistory нэртэй сошиал сүлжээг Чеченьд үүсгэн ажиллуулж эхэлснээ зарласан байна. Тэрээр Инстаграмын хуулбар гэмээр энэ сүлжээнд хувийн хаягаа нээж, мэдээллүүдээ оруулж эхэлснээ зарласан юм.

Бас Чечений төр захиргааны байгууллагуудын сошиал хуудсыг Mylistory сүлжээндээ нээсэн байна. Гэхдээ энэ аппликэшн нь хүний хувийн мэдээлэлд хандаж, тагнаж чагнадаг байж магадгүй гэсэн яриа иргэдийн дунд тасрахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP