Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын талд тагнуул хийсэн хэргээр Австрийн чөлөөнд гарсан офицерыг шалгаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Австрийн канцлерь Себастян Курц, батлан хамгаалахын сайд Марио Кунасек

Бараг 20 орчим жилийн хугацаанд Оросын талд тагнуулчаар ажиллаж байсан хэрэгт сэжиглэн армийн чөлөөнд гарсан офицерыг шалгаж эхэлснээ Австрийн канцлерь Себастян Курц өчигдөр буюу Баасан гарагт мэдэгджээ.

Тус улсын гадаад хэргийн сайд Карин Кнэйсл энэ хэрэгтэй холбогдуулан Оросын талд эсэргүүцэл илэрхийлж, арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Москвад хийх байсан айлчлалаа цуцалсан байна. Өнгөрсөн наймдугаар сард түүний хуриманд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүндэт зочноор оролцож байсан юм.

“Бид Оросын талаас дэлгэрэнгүй мэдээлэл шаардаж байна. Хэрвээ сэжиг батлагдвал хэрэг явдал Нидерландад, эсвэл Австрид болсноосоо үл шалтгаалан Орос, Европын Холбооны харилцаанд сөргөөр нөлөөлөх болно” гэж Курц мэдэгджээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гааг дахь олон улсын химийн зэвсгийг хянах газарт кибер халдлага хийхийг завдсан шалтгаанаар Оросын дөрвөн тагнуулчийг Нидерландаас хөөн гаргасан явдлыг тэр дурдсан нь энэ байв.

Үүний дараа ОХУ-ын гадаад хэргийн яам Москва дахь Австрийн элчин сайдыг дуудаж уулзан канцлерь Себастян Курцын мэдэгдэлд тайлбар өгөхийг шаарджээ.

Дараа нь тус яамны вэб сайтад дээрх асуудал хоёр орны өнөөг хүртэл үргэлжилж ирсэн сайн харилцаанд хор хөнөөлтэй болохыг мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд яригдаж буй асуудал нь баримт нотолгоогүй, хоосон таамаг төдий гэж шүүмжилжээ. Тагнуулын хэрэг хэдхэн долоо хоногийн өмнө Европын өөр нэг орны тагнуулын байгууллагын мэдээллээр илэрсэн болохыг Австрийн батлан хамгаалахын сайд Марио Кунасек өчигдрийн хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.

Одоохондоо Австри улс Москвагаас элчин сайдаа татахгүй, Оросын дипломатчдыг газар нутгаасаа хөөхгүй гэдгийг Курц мэдэгджээ.

Тэр “Бид илүү нарийн мэдээлэл олж авсныхаа дараа ямар алхам хийхээ Европын түншүүдтэйгээ хэлэлцэх болно. Ийм нөхцөл байдалд шат дараатай арга хэмжээ авах ёстой” гэж тайлбарласан юм.

Австри улс нь Оростой сайн харилцаатай Европын цөөхөн орны нэг байв. Украин дахь хэрэг явдал, Британид экс тагнуул Сергей Скрипалийг хордуулсан гэх хэргийн дараа ч Вена-Москвагийн харилцаа муудаагүй юм.

Тэгвэл энэхүү онцгой харилцааг өөрчлөх үйл явдал ийнхүү эхэлж байна.

 

Эх сурвалж: AFP