Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхныг доромжилсон Пакистан эмэгтэй цаазын ялаас чөлөөлөгдлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Пакистаны дээд шүүх бурхныг доромжилсон хэргээр цаазын ял сонсоод байсан загалмайн шүтлэгтэй эмэгтэйн ялыг цуцлах түүхэн шийдвэрийг өнөөдөр гаргалаа.

Исламын шашны хуучинсаг ёс хүчтэй үйлчилдэг Пакистанд зөнч Мухамедыг доромжилсон тохиолдол бүрт, тэр ч байтугай баримтаар батлагдаагүй хэргүүдэд цаазын ял оноож, заримдаа иргэд өөрсдөө шүүхээс гадуур шийтгэлийг оноодог.

Тус улсын иргэн Асиа Биби муслим эмэгтэйтэй маргалдаж байгаад Исламын шашныг доромжилсон хэрэгт буруутгагдаж, 2010 онд шүүхээс цаазын ял сонссон юм.

Энэхүү шийтгэл дэлхий нийтийн анхаарлыг татаж, Ромын пап XVI Бенедикт эмэгтэйг ялаас чөлөөлөхийг Пакистаны эрх баригчдад уриалж, 2015 онд түүний залгамжлагч одоогийн пап лам Асиа Бибигийн охинтой уулзаж байв.

Одоо 47 настай, гурван хүүхдийн эх Бибиг ялаас чөлөөлөх шийдвэрийг зарлахын тулд Пакистаны нийслэлд 24 цагийн өмнөөс зэвсэглэсэн цэргүүдийг эргүүлд гаргаж, дээд шүүхийн байрыг 300 орчим цагдаа хамгаалжээ.

Пакистаны хатуу исламист чиг баримжаатай намын тэргүүн Хадим Ризви хэрвээ Бибиг суллах шийдвэр гаргавал “улс орныг хэдхэн цагийн дотор босгоно” хэмээн аравдугаар сарын 13-нд мэдэгдэж байсан юм.

Асиа Биби нь муслим биш шашинтнуудаас анх удаа ийм ял сонссон Пакистаны иргэн болж байна.

Тэр өнгөрсөн найман жилийг шоронгийн өрөөнд ганцаар хоригдож өнгөрөөсөн юм. 2016 онд Бибигийн давж заалдах шүүх хурал болох байсан ч нэг шүүгч нь уг хэргийг шүүхээс татгалзсан тул хойшилж байв.

Бибиг хамгаалсан мэдэгдэл хийж, бурхныг доромжилсон хэрэгт шийтгэл оноодог хуулийг шинэчлэх уриалга гаргаж байсан Пунжаб мужийн захирагч Салман Тасир 2011 онд бусдын гарт алагдаж байжээ.

Тиймээс Асиа Биби болон түүний өмгөөлөгч, ялаас чөлөөлөх шийдвэр гаргасан шүүгч нарын аюулгүй байдал эрх баригчдын санааг зовоож байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 18 | 19 цаг