Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн 40 жилийн дотор зэрлэг амьтдын 60 хувийг устгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

1970 оноос хойш хүн төрөлхтөн энэ дэлхий дээр амьдарч байгаа хөхтөн амьтад, шувууд, загас, хэвлээр явагчдын 60 хувийг устгасан болохыг эрдэмтэд тогтоожээ.

Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас (WWF) шинээр гаргасан энэхүү судалгаанд орон орны шилдэг 59 эрдэмтэн оролцсон байна. Хүний өсөн нэмэгдэж байгаа хүнс болон ахуйн хэрэглээ тэрбум жилийн хувьслын үр дүнд бий болсон амьд ертөнцийг богино хугацаанд устган үгүй хийж байгаа ажээ.

WWF байгууллагын шинжлэх ухааны салбарын захирал Майк Баррет “Бид хадан цохионы ирмэг рүү унтаагаараа алхаж байна. Хэрвээ хүн төрөлхтний 60 хувийг устгавал Хойд ба Өмнөд Америк, Африк, Европ тивүүд, Хятад, Номхон далайн арлууд хоосорсонтой адилхан гэсэн үг. Бид ямар хэмжээний устгал хийгээд байгааг эндээс ойлгож болно” гэж ярьсан байна.

Энэ нь зөвхөн амьд байгалийг устгаад зогсохгүй, хүн төрөлхтөн эргээд өөрийн амьдрах орчныг (ус, агаар) сүйрүүлж байгааг тэр бас тайлбарлажээ.

Олон эрдэмтэд манай гараг түүхэндээ зургаа дахь удаагаа амьд ертөнцийн сүйрэлтэй тулгараад байгааг баталдаг. Гэхдээ энэ удаагийн сүйрлийг хомосапиенс буюу хүн анх удаагаа үйлдэж байгаа гэнэ.

Эрдэмтдийн өөр нэг хэсэг нь соёл иргэншил үүссэн цагаас хойш хүмүүс нийт хөхтөн амьтдын 83 хувь, ургамлын тал хувийг устгасан гэж үздэг. Энэ бүх устгасан зүйлс байгалийн жамаар нөхөн сэргээгдэхэд 5-7 сая жил шаардагдах ажээ.

 

Эх сурвалж: The Guardian