Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Төсвийн бодлогын эцсийн үр дүн бизнесийг дэмжиж байх ёстой

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Та ирэх оны төсвийн тухай хуулийг судлах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Хуулийн төсөлд алдаа, оноо хэр байна вэ?

-Ерөнхийдөө 2019 оны төсвийн орлого, зарлага нэмэгдэж, төсвийн тэнцэл буурсан. Би ирэх оны төсвийг гурван зүйлээр нааштайгаар үнэлж байгаа. Нэгдүгээрт, анх удаа хуримтлал бий болгосон байна. “Ирээдүй өв сан”-д 554 тэрбум төгрөгийн хуримтлуулахаар тооцсон байна. Хуримтлал бий болговол улс хямарсан үедээ авч хэрэглэнэ гэсэн үг. 2015-2017 онд л гэхэд хямралыг давахын тулд тогтворжуулалтын сангаас хүртэл мөнгө гаргасан.

Тиймээс би цаашдаа хуримтлал бий болгох .ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөвт боломжийн мөнгө тусгасан байна. Гуравдугаарт, төсвийнхөө орлогыг нэлээд шахаж төлөвлөсөн байгаа юм. Ирэх оны төсөвт ийм нааштай гурван зүйл байна. Гэхдээ төсвийн орлогыг шахуу төлөвлөсөн нь сайн ч гэлээ биелэхэд нэлээд хүнд байх. Тухайлбал, 42 сая тонн нүүрс гаргана гэсэн байна. Энэ мэтчилэн цаашид анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал бий.

-Тухайлбал?

-Ажлын байр нэмэх чиглэлд төсвөө хэрхэн зарцуулах вэ гэдгийг анхаармаар байна. Эцсийн эцэст бид хүнээ ажилтай байлгавал айлын орлого нэмэгдэнэ. Тиймээс төсвийн бодлогоороо дамжуулж иргэдээ хэрхэн орлоготой байлгах вэ гэдгийг анхаарах нь зөв.

Хоёрдугаарт, ядуурлын төвшин нэмэгдэж байна. Тэгэхээр нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг ялгавартай өгөхөөс өөр арга байхгүй. Жишээлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувьд нь өгөх ёстой гэж яриад л байна. Хүүхдийн мөнгийг 100 хувьд нь өгч яах юм бэ. Ялгавартай байх ёстой. Хүүхдийн мөнгөөр амьдардаг хүмүүст л олгох нь зөв. Түүнээс биш хүүхдийн мөнгөө авдаггүй, тоодоггүй хүмүүст өгч яах юм бэ. Энэ асуудлаар улс төр хийдгээ одоо болих хэрэгтэй. Халамжийг авах ёстой хүнд нь л өгөхөөс биш хавтгайруулж олгож болохгүй.

Манай улсад улс төр нь нөлөөлж, халамжийг хавтгайруул олгон иргэдээ залхуу болгож байна. Төр засгийн удирдлагууд нь очиж уулзалт хийхээр хөгжил ярьдаггүй, халамж ярьдаг ард түмэнтэй болчхоод байна. Тиймээс би ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх ёстой. Ажлын байр нэмэх, татварын орлого бүрдүүлэх, бүтээн байгуулалт хийхийг бизнесменүүд л хийнэ шүү дээ.

Төсвийн бодлогын эцсийн үр дүн бизнесийг дэмжих байх ёстой. Одоо Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулах зэрэг том арга хэмжээ авч байна л даа. Гэхдээ л бага байна. Цаашдаа илүү анхаарах хэрэгтэй.

-Төсөвт хэмнэлт хийх саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга М.Энхболд гаргаад байгаа. Төрөөс баримтлах мөнгөний бодлогод ч хэмнэлт хийх шаардлагатайг тусгасан байсан. Төсвөөс хэмнэлт хийх боломж ямар байна вэ?

-Хэмнэлт бол чухал. Төсвөө төлөвлөхдөө зарлагадаа тааруулаад л орлогоо шахуу төлөвлөдөг болсон. Цаашдаа зарлагыг бууруулах чиглэлд онцгой анхаарах ёстой. Нэгдүгээрт, төрийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийн асуудал байна. Хоёрдугаарт, байр ашиглалтын зардал өндөр байгаа. Сүүлийн үед улс орны эдийн засаг сайжирсантай холбоотойгоор хөрөнгө оруулалт нэмэгдсэн сайн тал бий.

Хөрөнгө оруулалт хөгжил бий болгодог ч ашиглалтын зардал ихээр нэмэгддэг. 2018-2019 онд улсын хэмжээнд 67 сургууль, 93 цэцэрлэг шинээр о ашиглалтад оруулна гэж байна. Үүний ашиглалтын зардал асар их болно. Тиймээс цаашдаа зарлагын реформыг барихгүй бол зардлаа дийлэхгүй орон болох эрсдэл бий боллоо. Бид эдийн засаг өсөхөөр зарлагаа нэмдэг. Харин орлого багасаж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурахаар л зарлагаа багасгаж байна.

Уг нь аль ч нөхцөлд зарлагыг тодорхой хүрээнд барих хэрэгтэй, Ингэж байж л бид хэмнэлтийн тухай ярина. Өнөөдөр төсвөөс хэмнэж болно. Энэ талаар төсвийн ажлын хэсэг, УИХ-ын дарга ч ярьж байна. Мөн Ерөнхийлөгч санал тавьсан. Ажлын хэсгийнхэн ч ямар зардалд хэмнэлт хийж болохыг судалж байгаа. Ерөнхийдөө урсгал зардалд хэмнэлт хийх боломжтой. Гэхдээ их хэмнэлт хийж болохгүй байх. Болбол төсвөө алдагдалгүй болгох, алдагдлаа бууруулах нь л зөв. Өнөөдөр 5.4 хувь буюу 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Үүнийг хэрхэн бууруулах вэ гэдэг нь чухал.

-Ерөнхийлөгч гишүүдэд хуваарилсан таван тэрбум төгрөгөөс хэмнэ гэсэн санал гаргасан. Таван тэрбум төгрөгийг хасах боломжтой юу?

-Таван тэрбум төгрөг гишүүдийн мөнгө биш л дээ. Манай улс Сонгуулийн тухай хуулиараа жижиг мажоритар системтэй. Тойрогт оруулах хөрөнгө оруулалтыг жигд болгох үүднээс нэг тойрогт тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагуудын хөрөнгө оруулалт байвал сайн, оффисын барилга барих, тоног төхөөрөмж худалдахад зарцуулахгүй гэсэн юм.

-Төсвийн орлогыг нэлээд шахуу төлөвлөсөн гэж хэллээ. Хэрвээ төлөвлөснөөр орлого орж ирэхгүй бол яах вэ. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, 42 сая тонн нүүрсээ гаргаж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа л даа. Нэг талаар орлогоо шахуу төлөвлөх нь эрсдэлтэй юм биш үү?

-Олон улсын эдийн засгийн санхүүгийн байгууллагуудаас гаргаж байгаа төсөөллөөр төлөвлөж байгаа юм. Олон улсын санхүүгийн байгууллагын тооцооллоор ирэх жил зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ одоогийн төвшнөөс буурахгүй гэсэн байна. Тиймээс орлогоо шахуу төлөвлөсөн байна. Гэхдээ үнийн хувьд буурахгүй байж болох ч 42 сая тонн нүүрс гаргаж чадах уу, үгүй юү гэдэг нь биднээс шалтгаална. Хил гаалийн байгууллага, ажлын зохион байгуулалт, нүүрс тээвэрлэдэг компаниудын хурд хүчнээс шалтгаалах юм.

42 сая тонн гэхээр сард гурав орчим сая тонн нүүрс гаргаж байж л үр дүнд хүрэх юм билээ. Эрсдэл гарахыг үгүйсгэхгүй, үүнийг тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, 42 сая тонн нүүрсээ гаргаж чадахгүй бол яах вэ гэдгээ тооцох ёстой.

-Уул уурхайн бүтээгдэхүүнд суурилж орлогоо шахуу төлөвлөсөн хэр нь нүүрсээ гаргах дэд бүтцийн ажилд анхаараагүй гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байсан?

-Төмөр зам бариагүй. Гэхдээ Засгийн газраас боомтын хүчин чадал, гарцыг нэмэгдүүлж 42 сая тонн нүүрсээ гаргана гэж тооцож байгаа юм билээ.

-Увс аймагт 52 тэрбум төгрөг төлөвлөсөн талаар гишүүд нэлээд шүүмжиллээ. Сүүлд гурван эх үүсвэрээр 52 тэрбум төгрөг болж байгааг тайлбарлаж байсан. Үүнийг ажлын хэсгийн судалж, байнгын хороонд танилцуулна гэж байсан. Судалсан уу?

-Энэ талаар ажлын хэсгийн ахлагч тодорхой тайлбар өгөх байх. Миний хувьд өмнө нь хийж байгаад дуусгаагүй хөрөнгө оруулалтын ажлууд байгаа болов уу гэж бодож байна. Аймаг бүрт он дамжин улс, орон нутаг, олон улсын зээл, төсөл хөтөлбөрөөр хийж байгаа ажил байгаа шүү дээ. Ийм л байгаа байх гэж бодож байна. Би эх үүсвэрийг нь үзэж шалгаагүй. Ерөнхийдөө ийм л төсөөлөлтэй байгаа юм.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд бага мөнгө суулгасан гэсэн?

-Аль ч УИХ, Засгийн газрын үед төсвийн орлого нэмэгдэхээр хоёр алдаа гаргаж байна. Тухайлбал, орлого нэмэгдвэл нийгмийн хамгааллын чиглэл рүү илүү мөнгө тусгадаг. Энэ нь ажилгүйдэл, ядуурлаа бууруулах оролдлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ бодит үр дүн гарахгүй байгаа юм. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтаа илүү нэмж байна.

Сонгуулийн системийнхээ дагуу 76 тойрогт хуваарилж байгааг буруутгах аргагүй. Уг нь орлого багахан нэмэгдэж байгаа үед хөрөнгө оруулалт, халамжийн арга хэмжээгээ багасгаж, аймаг, бүс нутгуудад ажлын байр олноор бий болгох, шинэ техник технологитой болох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг бий болгомоор байгаа юм.

Тухайлбал, нэг аймагт 50 тэрбум төгрөгөөр тун дажгүй үйлдвэр барьчихна. 20 аймагт үйлдвэр байгуулъя гэвэл нэг их наяд төгрөг л болно шүү дээ. Нэг үйлдвэр нь 100 ажлын байртай гэвэл 2,000 ажлын байр бэлэн болно гэсэн үг. Тиймээс ирээдүйд орлого олох, татвараараа орлого төвлөрүүлэх, ажлын байр нэмэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барихад л хөрөнгөө оруулбал хэрэгтэй.

-Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтаа нэмсэн юм уу даа?

-Орлогоосоо хамаарч л хөрөнгө оруулалтаа нэмж байгаа юм. Засгийн газар сонгуулийнхаа амлалтыг биелүүлж, нийгмийн хамгаалал, хөрөнгө оруулалтын ажлаа нэмье гэсэн хоёр зарчмын үүднээс шийдвэр гаргаж, төсвөө төлөвлөсөн юм билээ. Энэ нь нэг талаар сонгуулийн өмнөх жил учраас өөр арга байхгүй.

Сонгуулийн амлалт хөрөнгө оруулалтаа нэмж, нийгмийн хамгааллаа сайжруулна гэдэг хоёр зүйл дээр л тогтож байгаа. Тиймээс энэ хоёрыг хэрэгжүүлэх гэж л төсвөө зарцуулах нь. Буруутгах ч арга байхгүй. Цаашдаа үүнийг өөрчилье гэвэл сонгуулийн системээ өөрчилж, амлалтаа багасгах нь зөв.

-Өвөрхангай аймгийн хувьд ирэх онд хэдэн төгрөгийн төсөвтэй байх вэ?

-Манай аймаг нийт дүнгээрээ 14.8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна лээ.

Зураг