Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп порно жүжигчнийг шүүх дээр ялсныхаа дараа “морин царайт” гэж хочлов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Саяхан шүүх дээр ялалт байгуулсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп порно киноны жүжигчин эмэгтэй Сторми Даниэлзыг “морь шиг царайтай” хэмээн доромжилжээ.

Холбооны шүүх Даваа гарагт Даниэлзийн нэр хүндэд халдсан гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн үйл ажиллагаанд гаргасан Трампын зардлыг төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Даниэлз 2006 онд Дональд Трамптай дотно харилцаанд орж байснаа дэлгэж, уг баримтыг нууцлахын тулд сонгуулийн өмнө мөнгө төлж байсныг зарласан юм. Дараа нь тэр дээрх баримтуудыг үгүйсгэсэн Дональд Трампыг шүүхэд өгч байв.

Шүүхийн шийдвэрийг сонсоод баярласан Трамп өчигдөр твиттер хуудсандаа Даниэлзыг гадаад дүр төрхөөр нь доромжилсон мэдэгдэл бичжээ.

“Гайхалтай. Одоо би Морин царайт (horseface) болон түүний гуравдугаар зэрэглэлийн өмгөөлөгчтэй Техасын шүүх дээр уулзах нь” гэж тэр бичсэн юм.

Ер нь Дональд Трамп эмэгтэйчүүдэд элдэв нэр хоч өгдөгөөрөө алдартай. Сүүлд тэр Ардчилсан Намын сенатор, өөрийн өрсөлдөгчдийн нэг Элизабет Уорреныг “Покахонтас”хэмээн хочилж байв. Покахонтас нь 17 дугаар зуунд амьдарч байсан түүхэн хүн бөгөөд Диснейн энимэйшн бүтээлээр олны танил болсон юм.

Сенатор өөрийгөө индиан цустай гэж ярьдгийг Трамп хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд сонгогчдод таалагдахын тулд ингэдэг хэмээн шүүмжилдэг.

Саяхан Уоррен өөрийн ДНХ-ийн шинжилгээний дүнг зарлаж, үнэхээр өөрийнх нь өвөг дээдсийн дунд Америк тивийн уугуул хүн байсныг харуулжээ.

Харин Трамп үүнийг нь бас л хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шинжилгээг зөвхөн өөрийн гараар хийж байж үнэмшинэ гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 18 | 17 цаг