Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Захын хороололд оршин суугчдын гуравны нэг нь орон нутгаас шинээр шилжин ирэгсэд байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголд анх удаа хийгдсэн дотоодын шилжих хөдөлгөөний цогц судалгааны үр дүн танилцуулах семинар ГХЯ-ны Зөвшилцөл танхимд өнөөдөр боллоо.

“Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа” гэсэн хоёр үндсэн сэдвээр хийгдсэн цогц судалгааны үр дүнг судалгааны багийнхнаас тодрууллаа.

“Төмөр зам болон авто зам дагуу байршилтай суурин газрууд руу шилжих хандлага түлхүү байна”

Судалгааны дагуу дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгаа аж.

1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь (26.8%) оршин сууж байсан нийслэлд, өдгөө нийт улсын хүн амын бараг тал (47%) хувь нь оршин сууж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, 2010-2016 онуудад 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшсанаар, 2017 онд нийслэлийн хүн ам 1,463,000 хүрчээ.
 
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн захирал Ц.Болормаа2008-2012 онд Монгол Улсад уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж байсан. Ялангуяа Өмнөговь аймаг руу маш олон тооны иргэд шилжсэн. 2012 оноос хойш бол үндсэндээ энэ төрлийн шилжилт хөдөлгөөн зогссон гэж хэлж болно.

Харин төмөр зам болон авто зам дагуу байршилтай суурин газрууд руу шилжих хандлага түлхүү байгаа нь харагдаж байна. Нийслэл рүү шилжих хөдөлгөөний эрчим өмнөх 10 жилтэй харьцуулахад буурсан ч төв рүү шилжих хандлага хэвээрээ байгаа.

Энэ удаагийн судалгаанд Дорноговь, Сэлэнгэ аймгийг онцлон хамруулсан. Эндээс харахад хотоос тус хоёр аймаг руу шилжих хөдөлгөөн бас байна” хэмээн ярилаа.

Тус судалгааны багийнхны зүгээс бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад зориулан зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжид шилжигчдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, буцаж шилжих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор уугуул нутгийн амьдралын нөхцөлийг сайжруулах, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгахад чиглэсэн бодлого боловсруулах шаардлагатайг тусгасан байна. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүйн тулд шилжих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч үүнээс үүдэлтэйгээр иргэд хаягаа шилжүүлэхгүй байх, төрийн болон болон халамжийн эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байх нөхцөл бүрдэж байгааг онцолж байв.

Нийслэлд шилжин суурьшсан иргэд ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?

Нийслэл хотод шилжин суурьшсан иргэд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгардаг талаар “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа” сэдэвт чанарын судалгааг “Гэр хорооллын зураглал төв” ТББ хийжээ. Судалгааны багийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол Улсын дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохицуулах нь” төслийн хүрээнд дэмжиж ажилласан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ажилтан Р.Оюунбилэг “Энэ удаагийн судалгаанд нийслэлд ойрын хоёр жилд шилжин ирсэн 400 орчим өрхийн 3,700 орчим хүн хамрагдсан. Тэдний 50 орчим хувь буюу 200 гаруй өрх нь хаягаа албан ёсоор шилжүүлээгүй иргэд байгаа. Нийслэлд шилжин ирж байгаа иргэдийн дийлэнх нь хөдөлмөрийн насны залуучууд байна.

Тэдний олонх нь ажилд орох, амьдралынхаа нөхцөлийг сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн илүү чанартай, олон төрлийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүдээ дэмжих, садан төрлөө бараадах зорилготой шилжин суурьшсан хэмээсэн.

Нийслэлд шилжин ирсэн иргэдийн дийлэнх нь амьжиргаа сайжирсан гэж хариулсан.

Гэсэн хэдий ч нийслэлд шилжин ирэгсдэд хөдөөд тулгардаг асуудлууд мөн байсаар байна. Тухайлбал, ажлын байр хомс байх, оршин суугаа газар нь тав тухгүй байх, бүртгэлгүйгээс шалтгаалаад хотын захын гэр хороололд суурьшвал боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хөдөөд байснаас ч доогуур байх нөхцөл бүрдэж байгаа. Эдгээр нөхцөлүүд байгаа хэдий ч нийслэлд шилжин ирсэн иргэдийн дийлэнх нь амьжиргаа сайжирсан гэх хариулт өгсөн” гэв.

Улаанбаатар хотод шилжин суурьшиж хотын захын хороололд төвхнөсөн иргэд хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлж байгаа хэдий ч хот хөгжүүлэх төлөвлөлтөд тэдний амьдрах орон зай, орчин нөхцөл зэргийн асуудлуудыг зохистой тусгаж чадаагүй байгааг судалгааны тайланд дурджээ.

Хотын захын хорооллын хүн амын бараг гуравны нэг нь шинээр нүүдэллэн суурьшсан иргэд байдаг ба тэдний бараг 40 хувь нийгмийн эмзэг бүлэгт багтдаг тул тусламж дэмжлэг нэн хэрэгцээтэй хүн амын тоонд орж байна.

Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдалд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь:

  • Амьдрах орон сууц олох хүндрэлтэй
  • Гэр хороололд амьдрах газартай болох хэцүү
  • Ажилд орох (бүртгэлгүйн улмаас тогтвортой ажлын байр олох хэцүү) төрийн үйлчилгээ авах (бүртгэлгүйн улмаас боломжгүй)
  • Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй (бүртгэлгүйн улмаас)
  • Санхүүгийн асуудлууд
  • Мэдээллийн хүртээмж (төрийн үйлчилгээ, хүний нөөц нь дутмаг, мэдээлэл авах суваг цөөн)
  • Нийгмийн болон гэр бүлийн харилцааны зөрчил
 
Гэрэл зургийг mpa.mn

Судалгааны үр дүнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүгнэхдээ  “Шилжин суурьшигчдын олонх нь нийслэлд ирээд амьдрал нь сайжирсан гэж хариулсан хэдий ч хотод ямархуу хүндрэл, бэрхшээлтэй тулгардгийг судалгаагаар дэлгэрэнгүй тодорхойлж гаргасан байна. Тиймээс, хотын хүн ам, хөгжлийн бодлогоо нотолгоонд суурилуулан гаргаж, хотынхоо оршин суугчдын хэрэгцээг хангаж ажиллахад тус хоёр судалгаа нь маш их ач холбогдолтой юм” хэмээн хэллээ.

Судалгааны тайлан танилцуулсны дараа, хөгжлийн бодлого боловсруулагч, мэргэжилтнүүдэд зориулан дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах стратегийн удирдлагын цар хүрээ, суурь зарчим, тулгарч болзошгүй сорилт хүндрэлийн талаар сургалт явууллаа.
 

Зураг
13 | 17 | 17 цаг