Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Батбаатар: Шүүгчид өдөр бүр 4-5 цаг илүү ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш нар хамтран Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн захиалгаар "Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгаа"-г хийжээ.

Тус судалгааны дүнг шүүгчид болон хуулийн салбарынханд танилцуулах уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр ШЕЗ-ийн байранд боллоо.

2018 оны 4-6 дугаар сар хүртэл хоёр сарын хугацаанд гүйцэтгэж, Завхан, Төв, Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхийн шүүгчид, Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт 180 шүүгч судалгаанд хамрагдсан байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Судалгааны багийг ахалж ажилласан МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор М.Батбаатар судалгааны дүнгийн талаар "Судалгааны үр дүнг аль болох бодитой гаргахын судалгааны арга тус бүрээс давуу талуудыг нь сонгож холимог аргачлалаар судалгаагаа хийсэн. Ажиглалт, хавтаст хэргийн шинжилгээ, ганцаарчилсан ярилцлага гээд гурван аргыг хослуулж шүүгчийн ажлын ачааллыг тодорхойллоо.

Ингээд үр дүнгээ нэгтгээд харахад Улаанбаатар хотын эрүү, иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн ачаалал өндөр, тэр дундаа хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрханд ачаалал ихтэй байгаа нь харагдлаа. Дэлхийн дунджаар бол нэг шүүгч жилд 210 хэрэг хянан шийдвэрлэж байгаа бол манайд дунджаар 323 шийдвэрлэж байна. Шүүгчид өдөр бүр 4-5 цаг илүү ажиллаж байна. Мөн амралтын хоёр өдрийн нэгэнд нь бүтэн ажиллаж байна гэх дүр зураг харагдаж байгаа" хэмээн ярилаа.

"ШЕЗ нэгдүгээрт шүүгчдээ сургах, хоёрдугаарт ачааллыг бууруулахад анхаарч бодлогоо чиглүүлж ажилладаг"
 
Гэрэл зургийг mpa.mn

Судалгааны дүнтэй шүүгчид болон салбарынхан танилцаж санал бодлоо хэлсний дараа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж хэлэлцүүлгийг хааж үг хэллээ.

Тэрбээр "Энэ бол жирийн социологийн судалгаа биш. Хууль, эрхзүйн судагааны тусгай арга хэлбэрийг мэддэг хуульчид их сургуулийн багш нартай баг болж ажилласан явдал нь энэ судалгаа нэлээн ханатай гарах нөхцөл бололцоог бүрдүүллээ.

ШЕЗ-ийнхөн судалгааны дүнтэй танилцаад ерөнхийдөө ханатай дүн гарсан байна гэж үзсэн. Ингээд гарсан үр дүнгээ өнөөдөр шүүгчиддээ танилцууллаа. Энэ судалгаагаа улам сайжруулаад, боловсруулаад цаашид бодлого болгох тал руугаа явах нь ач холбогдолтой гэж бодож байна. ШЕЗ нэгдүгээрт шүүгчдээ сургах, хоёрдугаарт ачааллыг бууруулахад анхаарч бодлогоо чиглүүлж ажилладаг" хэмээсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn