Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Валютын тооцооны ханшаа 2,530 төгрөгөөр тооцсон

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьснаар хэлэлцэх шатандаа явж байгаа билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг хүргэж байна. 

-2019 оны төсөв өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болсон гэж дүгнэх вэ. Шинэлэг заалтуудыг дурдахгүй юу?   

-Эдийн засгийг тогтворжуулах, цааш өсгөх, урт хугацаанд хямарсан эдийн засгийн уналт, ард иргэдийн орлогын бууралтыг зогсоож, дээшлүүлэх үүрэгтэй төсөв болсон. 
2019 оны төсвийг хийхдээ нэлээд олон талын зүйлийг бодолцож хийсэн. 

Ирэх жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.7 их наяд төгрөг. Зарлага 11.6 их наяд, төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөгөөр хийсэн. Гэхдээ үүний 1.3 их наяд төгрөг нь гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүд байгаа.

Тухайлбал, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр, Дархан Улаанбаатар чиглэлийн зам, Налайхын зам зэрэг өмнө нь авчихсан байсан хөнгөлөлттэй зээлүүдийн хөрөнгөөр санхүүжигдэх төслүүдийн эх үүсвэр 1.3 их наяд юм.

Үлдэж байгаа мөнгийг тогтворжуулалтын сан болон “Ирээдүйн өв сан” мөн Засгийн газрын мөнгө санхүүг зөв менежмент хийх замаар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авахгүйгээр санхүүжүүлэхээр тооцож энэ төсвийг боловсруулсан. Ингэхэд зөвхөн улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ 1.3, зээлээр хэрэгжих нь 1.3 гээд үзэх юм бол 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийг өсгөхөд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. 

Орлогын хэмжээг 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон

2019 оны эдийн засгийн өсөлтийг 8-10 хувиар тооцоод, 8 хувиар төсвийн тооцоондоо оруулж ирсэн. Мөн 2019 онд Засгийн газрын өрийн хэмжээг нэлээд буулгаж байгаа. 2016 оны төгсгөл дээр Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлбэл ДНБ-ийн 80 орчим хувьтай тэнцэхээр байсан. Тэгвэл энэ өрийн хэмжээ 2018 оны төгсгөлд 63 орчим хувьтай, ирэх оны хувьд 55.4 хувьтай болгож тооцож байгаа. Өрийн дарамтгүй болгохын тулд өрийн хэмжээг ДНБ-ийн 40 хувьтай ойролцоо байлгах ёстой. 

Хэдийгээр 55.4 хувь болж бууж байгаа ч гэсэн тодорхой хэмжээний дарамт авчирна гэж үзээд бид цаашдаа үргэлжлүүлж буулгана гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс төсвийн алдагдлыг өр үүсгэж санхүүжүүлэхгүй гэдэг зарчмыг баримталсан.  

Үүнээс гадна орлогын хэмжээг 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Зарлагыг хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хоёр их наядаар нэмэгдэж байгаа зардлын 720 тэрбум төгрөг нь цалин тэтгэврийн нэмэгдэл байгаа. Үлдсэн нь хөрөнгө оруулалт. Улаанбаатар хотын утааг бууруулах, аймаг орон нутагт хийгдэх дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэргийг оруулж ирсэн. 

-Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж нэлээд хэмжээний хөрөнгийг аймгуудад хуваарилахаар харагдаж байсан? 

-2019 оны төсвийн нэг томоохон өөрчлөлт нь хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн явдал юм. Учир нь орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн нүүдлийг багасгах, ард иргэдийн амьдрахад таатай орчинг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмсэн. Үүнээс гадна орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний орлогуудыг тэнд нь үлдээж байгаа.

Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг орон нутаг өөрөө мэдэж захиран зарцуулах эрхийг нь өгсөн. Газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувийг орон нутагт нь үлдээж байна. Агаарын бохирдлыг төлбөр болох гарч байгаа нүүрсний тонн тутамд авдаг төлбөрийн 50 хувийг мөн үлдээж байгаа. 

Энэ мөнгийг зөвхөн байгаль орчныг хамгаалах, ойжуулах ажлуудад зарцуулна. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа. 

Үүнээс гадна хөрөнгө, эрх мэдлийг нэг болгож өгч байгаа. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг орон нутгийн өмчид байдаг хэр нь түүнд зарцуулагддаг засвар, үйл ажиллагааны зардал нь салбарын сайдын багцад сууж явдаг. Хөрөнгө нь өөр газар хэрнээ мөнгө нь өөр газар байж болохгүй учир энэ хоёрыг нэгтгээд орон нутагт нь эрх мэдлийг олгосон.

Ингэснээр бид үйл ажиллагаан дээр ахиц гарахаас гадна зардлын реформд нэмэр болно гэж үзэж байгаа.  Яагаад гэвэл өөрийн хөрөнгөд зарцуулагдах мөнгө нь өөр газар шийдэгддэг учир зардал хамаагүй өндөр гарах асуудал гардаг байсан. 

-Ирэх оны төсөвт долларын ханшийг хэдээр тооцсон бэ? 

-Эдийн засгийн өсөлт 8 хувьтай, төсвийн алдагдал багатай, экспорт нэлээн нэмэгдсэн жил болно гэж харж байгаа. Монгол төгрөг хятадын юань, оросын рубль, солонгосын воны эсрэг чангарсан байгаа. Ганцхүү долларын эсрэг 5 орчим хувиар унасан. 

Яагаад ийм үзэгдэл болов гээд үзэхээр дэлхийн худалдааны дайнтай холбоотой. АНУ, БНХАУ-ын хооронд тавигдаж байгаа худалдааны тарифтай холбоотойгоор нэлээд олон орны ханш зэрэг хөдөлсөн. Дэлхийн 180-аад орны 85 хувийнх нь ханш долларын эсрэг унасан. Тогтворжих нөхцөл байдал рүү удахгүй очих байх. 

Тэгэхээр энэ бол түр зуурын үзэгдэл гэж хараад валютын тооцооны ханшаа 2,530 төгрөгөөр тооцсон

-Ирэх оны төсөвт хэчнээн төгрөгийн өр төлөхөөр тусгасан бэ?

-Өрийн дарамтыг бид үндсэндээ 2018 онд давчихсан. 2019, 2020 онуудад гадна болон дотоодын өр бол байхгүй. Гэхдээ 2019 онд авсан зээлийнхээ хүүнд 865 тэрбум төгрөгийн хүү төлнө. 

-Долларын ханш 2,530 гэдэг маш өндөр биш үү. Эдийн засаг өөдрөг бус харагдаад байгаа юм бишүү? 

-Үгүй. Эдийн засгийн өсөлтийг 8 хувьтай, экспортын хэмжээг өндрөөр тооцож байгаа. Төгрөг өөрөө ихэнх валютын эсрэг чангарчихаад долларын эсрэг уначихсан байгаа нь дэлхий нийтээр явагдаж байгаа хөдөлгөөн. Тэнцвэрийн цэг нь хараахан тодорхой болоогүй байна. Хараахан тодорхой болоогүй байхад том  том дүгнэлт хийх нь буруу л даа. 

-Ирээдүйн өв санд энэ жил хэчнээн төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн бэ? 

-Ирээдүй өв сан дээр 553 тэрбум төгрөгийг хуримтуулахаар болж байна. Энэ нь их ач холбогдолтой. Монгол Улс анх удаа газрын хөрсөн доорх баялгаасаа хадгалдаг сан бий болгож байна. Энэ санд өмнө нь хуримтлагдсан байсан 1 их наядын өрийг ирэх онд төлөөд дуусгана. 

553 тэрбум төгрөг энэ онд хуримтлагдана. Цаашдаа байнга нэмэгдээд явна. Энэ хуримтлал 2030 он хүртэл зарцуулагдах учиртай. Тэгж байж Норвегийн сан, Аляскийн газрын тосны сантай адил баялагийн сан бий болгоно. 

Энэ нь Монголчуудад зориулсан газрын баялгийн сан юм. 

-Энэ оны төсөвт төсөл, зураг нь гараагүй ажлуудыг санхүүжүүлэхээргүй болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?  

-Зураг төсвөө гаргаж өгөөч гэдэг зүйлийг нэлээн ярьсан. Зарим обьект зураг, төсөвгүй хэрнээ зайлшгүй хийгдэх шаардлагатай гэж орж ирсэн. Тухайлбал, эмнэлэг, сургуулийн асуудал байна. Хэдийгээр зураг нь бэлэн болоогүй ч жишиг үнийг нь харж байгаад энэ газарт иймэрхүү обьект иймэрхүү өртөгтэй байна гэсэн жишигийг нь харж байгаад тавигдсан юм зүйлүүд байгаа. 

-Ирэх жилийн төсөв түүхэнд байгаагаагүй том төсөв болсон, орлогоо өндөр тавьсан гэх зүйлүүд яригдаж байна. Энэ талаар? 

-Эдийн засаг өсч байгаа учраас орлогоо өөдрөгөөр тооцож байгаа. Хоёрдугаарт, Монгол Улс одоо нэг л төсөвтэй явж байгаа. Эдийн засаг өргөжиж тэлэхийн хэрээр төсөвийн орлого угаасаа л нэмэгдэнэ. Төсвийн орлого нэмэгдэж байвал Монголчууд уг нь баярлаж л байх учиртай. Төсвийн орлого ихтэй, алдагдалгүй төсөв байвал улам л сайн.