Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн харааны хөгжил 6 нас хүртэл явагддаг тул нүдний өвчнийг эрт илрүүлж эмчлэхгүй бол аюултай"

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн хараа хамгаалах өдрийг олон улсад жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэ өдрүүдэд ард иргэдэд нүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл хүргэхэд оршдог. 2018 оны дэлхий хараа хамгаалах өдрийг “Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэд "ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий сохрол, сул хараатай нийт 253 сая хүн байгаагаас 36 сая нь сохор, 217 нь дунд ба хүнд хэлбэрийн хараа муудалттай байна. Сохрол, сул харааны тэргүүлэх шалтгаанд болрын цайлт өвчин, нүдний даралт ихсэх өвчин, засагдаагүй харааны гажиг (харааны шил тааруулж зүүгээгүй тохиолдлууд) ордог. Сохрол сул хараатай иргэдийн 80 хувь нь хөгжиж буй орнуудад байгаа ба нийт сохрол сул харааны 75 хувийг сэргийлэх эмчлэх боломжтой юм. Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохролын тохиолдол ихсэх хандлагатай байна.

Манай улсын хувьд 2014 онд хийсэн 50-иас дээш насны иргэдийн дунд хийсэн сохрол сул харааны судалгаагаар нийт 50 мянган хүн сохрол, дунд ба хүнд хэлбэрийн хараа муудалттай байна. Болрын цайлт өвчин, нүдний даралт ихсэх өвчин, эвэрлэгийн бүдэгшил, засагдаагүй харааны гажиг зэрэг өвчнүүд сохрол сул харааны үндсэн шалтгаанууд болж байна. Эрүүл мэндийн 2017 оны статистик мэдээллээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 106,079 иргэн бүртгэгдсэнээс 11,450 иргэн харааны бэрхшээлтэй байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй болсон шалтгаанаар нь авч үзвэл 3,159 иргэн төрөлхийн, 6,058 иргэн өвчин ба гэмтлийн улмаас хараа алджээ.

Хүүхдийн сохрол сул харааны үндсэн шалтгаануудад төрөлхийн болрын цайлт, дутуу нярайн торлогийн эмгэг, төв мэдрэлийн системийн гаралтай нүдний эмгэгүүд, хялар өвчин, засагдаагүй харааны гажиг орж байна. Хүүхдийн харааны хөгжил 6 нас хүртэл явагддаг тул нүдний аливаа өвчнийг эрт илрүүлж эмчлэхгүй бол насан туршдаа хараагүй эсвэл сул хараатай болох аюултай байдаг. Олон улсын байгууллагуудтай хийсэн хамтарсан судалгаагаар сургуулийн насны хүүхдийн 15 хувь харааны гажигтай байгаа ба харааны шил зүүх шаардлагатай хүүхдүүдийн 75 хувь харааны шилээ авч зүүгээгүй байна.

Дэлхийн хараа хамгаалах өдрийг Монголын нүдний эмч нар, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Эрүүл Мэлмий ТББ хамтран Монгол Улсын хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 11-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Уг өдрийн хүрээнд ард  иргэдэд нүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл хүргэх, ерөнхий мэргэжлийн эмч нарт сургалт семинар зохион байгуулах, үнэ төлбөргүй үзлэг хийх гэх мэт олон үйл ажиллагааг хийж байна. Аливаа нүдний өвчнийг эрт илрүүлж эмчилснээр сохрол сул хараанаас сэргийлэх боломжтой" гэлээ.