Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ил-20 онгоцны сүйрлийн дараа Оросын арми С-300 системийг Сирид суурилууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 17-ны өдөр Оросын цэргийн Ил-20 нисэх онгоц Сирийн эргийн ойролцоо нисэж байхдаа Израйлийн байлдааны онгоцнууд руу харвасан Сирийн армийн пуужинд оногдож сүйрсэн билээ.

Оросын тал уг осолд Ил-20 онгоцыг халхавч болгосон Израйлийн нисгэгчдийг буруутгаж байв.

Үүний дараа Москвагийн эрх баригчид Сири дэх цэрэг, зэвсгийнхээ хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авахаар болсон юм.

Үүний дагуу Оросын С-300 орчин үеийн газар-агаар ангиллын пуужин харвах системийг саяхан Сирийн нутаг дэвсгэрт хүргэж суурилуулжээ. Ингэснээр Сирийн армийн агаарын довтолгооноос хамгаалах чадварыг нь эрс сайжруулж байгаа юм.

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр энэ тухай ерөнхийлөгч Владимир Путинд мэдээлсэн байна.

Нийтдээ 49 хэсэг зэвсэг техникийг Сирид хүргэсний дотор радарууд, удирдлагын автомашинууд, дөрвөн ширхэг пуужин харвагч багтжээ.

Одоо Сирийн армиас С-300 системийг хариуцаж ажиллуулах мэргэжилтнүүдийг томилж, тэднийг гурван сарын хугацаанд сургахаар болсон байна.

Өнөөдөр агаараас хамгаалах системийг хүргэж байгаа гэрэл зураг, дүрсийг батлан хамгаалах яам олон нийтэд үзүүлжээ. Оросын армийн АН-124-100 ачаа тээврийн нисэх онгоцноос зэвсэг техникийг Сирийн Хмеймим агаарын баазад буулгаж байгааг харуулсан байна.

Шинэ системийг Сирид тээвэрлэн хүргэх ажиллагаа эхэлсэн тухай есдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдэгдэж байв.

С-300 агаараас хамгаалах систем нь сүүлийн үеийн байлдааны нисэх онгоцнууд, дунд тусгалын баллистик пуужингууд, тактикийн болон далавчит пуужингууд зэргийг илрүүлж, устгах чадвартай зэвсэг юм.

 

Эх сурвалж: ТАСС