Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Австрийн гадаад хэргийн сайд НҮБ-ын чуулган дээр 4 хэлээр үгээ хэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн 193 улсын төлөөлөгчид цуглардаг НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр хааяа гэнэтийн, сонирхолтой үйл явдлууд өрнөж, дэлхий нийтийн анхаарлыг татдаг.

Өнгөрсөн Бямба гарагт НҮБ-ын индэр дээрээс улсаа төлөөлөн үг хэлсэн Австрийн гадаад хэргийн сайд Карин Кнэйсл Араб, Франц, Испани, Англи хэлүүд дээр ээлжлэн үг хэлж хүмүүсийг гайхшруулжээ.

Тэрээр эхний гурван минутанд Араб хэлээр үгээ хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг Ойрх Дорнодын тогтворгүй байдалд хандуулах зорилготой байв.

Кнэйсл “Австрийн гадаад хэргийн сайдын хувьд би та бүхэнд Араб хэлээр үгээ хэлж байна. Яагаад ингэх болов? Араб бол НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг. Би энэ хэлийг Вена дахь НҮБ-ын төвд ажиллаж байхдаа сурсан юм. Энэ бол маш гоёмсог, эртний Арабын соёл иргэншлийн нэг хэсэг болсон хэл. Би бас дайны үед Ливанд суралцаж байхдаа ямар ч хүнд хэцүү цаг үед хүмүүс хэрхэн амьдарсаар байдгийг харж ойлгосон. Энэ бол амьдралын нууц юм” гэж үгээ эхлүүлжээ.

Тэр хэлсэн үгэндээ Сири, Йеменд болж буй дайн, хямралын эсрэг НҮБ болон олон улсын нийгэмлэг хангалттай ажиллах чадахгүй байгааг шүүмжилсэн юм.

Кнейслийн үг Австрийн өнөөгийн улс төрийн уур амьсгалын эсрэг алхам болж байна. Тус улсын засгийн эрхийг дүрвэгсдийн эсрэг үзэлтэй улс төрийн хүчний тэргүүлсэн эвсэл барьж байгаа. Гэхдээ Кнэйсл нь аль нэг намд харъяалалгүй улс төрч бөгөөд эвслийн нэг хэсэг болсон Эрх Чөлөөний нам түүнийг гадаад хэргийн сайдад нэр дэвшүүлж байжээ.

НҮБ-ыг хүнд сурталгүй, үр дүнтэй ажиллахыг уриалсан Кнэйсл “Энэ илтгэлээрээ би НҮБ-д болдог хэвшмэл хурал чуулганыг бага ч гэсэн өөрчлөхийг хичээлээ” гэж эцэст нь хэлсэн байна.

Эх сурвалж: Quartz