Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Цалингийн нэмэгдэл, тэтгэвэр, халамжид зориулан 720 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгалаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа.

Энэ талаар Сангийн сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

"2019 онд ДНБ-ий өсөлт 8 хувьтай байхаар тооцсон" 

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа. 

Энэ жилийн төсөв цаг хугацаандаа өргөн мэдүүлэгдсэн. Үүнээс гадна анх удаа Иргэдийн төсвийг Засгийн газар боловсруулж, олон нийтэд болон УИХ-д хамтад нь өргөн барьж байна. 

2019 оны төсвийн онцлог байдлыг хэлье. Монгол Улсын тэнцвэржүүлсэн орлого 9.7 их наяд төгрөгөөр, зардал 11.6 их наяд төгрөгөөр төсөвлөж оруулж ирж байна. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.2 хувь байхаар тооцсон. 2018 оны төсвийг 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцож оруулж ирж байсныг та бүхэн мэдэж байгаа байх.

Тэнцвэржүүлсэн орлогод хоёр орлого ороогүй байгаа. Тогтворжуулалтын сан, "Ирээдүйн өв сан" гэсэн хоёр сангийн орлогыг оруулаад тооцох юм бол Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 11.1 их наяд хүрсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлж байна. Үүний цаана Монгол Улсын эдийн засгийн өсөлт, идэвхжил явагдаж байгаа.  

2019 оны төсвийг хийхдээ Монгол Улсын эдийн засаг буюу ДНБ-ий өсөлтийг 8 хувьтай байхаар тооцлоо

2018 оны дөрөвдүгээр сард Татварын багц хуулийг боловсруулж, шинэчилж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хууль нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэгжиж эхэлнэ. Татварын багц хуулиуд хэрэгжсэнээр эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлнэ, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулагчдыг татахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа. 

Тухайлбал, жилийн 1.5 тэрбумаас доош борлуулалттай аж ахуй нэгжүүдийн төлдөг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэг хувь болно. Жилд татварын дөрвөн тайлан гаргаж өгдөг байсан бол 1-4 болно.

Хоёрдугаарт, Таван толгой болон хил орчмын боомтуудад Засгийн газраас 10 гаруй агентлагтай хамтран нэлээд өргөн хүрээтэй шалгалт хийсэн. Таван толгойн нүүрс Гашуунсухайтын боомтоор гарч байгаа. Ингэхэд тодорхой хэмжээний нүүрс алга болсон, тоонууд зөрдөг, хараа хяналтгүй, гарч байгаа нүүрсний чанар дээр асуудал үүсдэг байдал илэрсэн.

Тиймээс Монголын газрын баялаг гарч байгаа бүх боомтууд дээр хяналт сайжруулах, рентгэнтэй болох, камержуулах нэгдсэн системийг улс орон даяар бий болгож, нэгдсэн нэг газраас хянадаг тогтолцоог бүрдүүлэхээр төсөвт суулгасан

Ингэснээр Монголоос гарч байгаа баялаг хяналттай, үүнээс авах татвар нь бүрэн хэмжээгээр авагддаг байхаар тооцож оруулж ирсэн. 

Үүнээс гадна Монгол Улс нефтийн бүтээгдэхүүн импортлодог. Үүнд лабораторын хяналт заавал тавих ёстой. Орж ирж байгаа бензинийг чанаргүй байна гэсэн асуудал яригддаг. Тиймээс 2019 оноос Монгол Улсын хилээр орж ирж байгаа дөрвөн боомт дээр бензин, бүтээгдэхүүний чанарыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шалгаж тогтоодог төхөөрөмжийг авахаар төсөвт суулгасан

Татварын багц хууль ирэх оны эхний өдрөөс хэрэгжинэ  

Мөн Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татвар, гаалийн мэдээллийн санг нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, хилээр орж ирж байгаа болон дэлгүүрийн лангуун дээр зарагдаж буй бараа бүтээгдэхүүний мэдээллийн санг нэгтгэнэ. Энэ мэдээллийн сан 2019 оноос бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлнэ. Тэгэхээр Монгол Улсад төлөгдөх ёстой татвар бүрэн хэмжээгээр төлөгдөж, татвараас зайлсхийх үйлдэл зогсоно гэж үзэж байгаа. 

Төсвийн алдагдал 1.9 их наяд байхаар өргөн мэдүүлсэн. Үүний 1.3 их наяд нь гадаадын зээл тусламж болон хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэнэ. Үлдсэнийг нь бид дотоодын нөөц бололцоо, санхүү мөнгөн хөрөнгийг оновчтой авч хэрэгжүүлснээр гаднаас буюу дотоодоос арилжааны зээл авахгүйгээр санхүүжүүлнэ гэж үзэж байгаа. 

У.Хүрэлсүхийн Засгийн Газар байгуулагдсанаас хойш өндөр хүүтэй арилжааны зээл аваагүй. Засгийн газрын арилжааны банкууд дээр байршиж байсан бүх хөрөнгийг татаж, төрийн сан дээр авсан. Зээлээр хэрэгжиж байгаа төслийн мөнгө мөн адил арилжааны банкууд дээр байсныг одоо төрийн сан дээр татаж авсан.

Үүний үр дүнд 2019 онд Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээг ДНБ-нд эзлэх хувь нь 55 болно гэж тооцож байгаа. Засгийн газрын өр 2016 оны төгсгөлөөр ДНБ-ий 82-83 хувьтай тэнцүү байсан. Тэгвэл 2019 онд өрийг 55 хувь болгоно гэж байгаа нь Засгийн газар ажиллах хугацаандаа өрийг 25-28 хувиар буулгаж байгаа хэрэг юм. Өрийг буулгасанаар хүүн дээрээс 285 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чадсан.   
Үүнээс гадна төсвийн зарлага дээр нэлээд сайн хяналт тавьж ажиллах шаардлага бий. 

Мөн “Ирээдүйн өв сан” гэж бий. Энэ сан нь Хөгжлийн сангаас нэг их наядын өр уламжилж авсан. Ингээд 2019 онд “Ирээдүйн өв сан”-ийн өр дуусгавар болж байгаа. Дуусгавар болохоос гадна анх удаагийн 553 тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болгож байгаа.  

Улсын төсвийн төлөвлөлтийг бид онцгойлж авч хийсэн. Төсвийн зардлаа хуваарилахдаа бид жигд, тэгш хуваарилах зарчмыг баримталсан. Зарим аймагт нэг ижил сургуулийн зардлууд хоёр өөрөөр хуваарилагддаг. Тэгвэл норм нормативийг нь шинэчилсний дүнд ижил төстэй газар адилхан санхүүжилт авдаг тогтолцоог бүрдүүлж өгч байгаа

Нэлээд олон урсгал зардлыг 2018 оны хэмжээнд нь барьж байгаа. Эдийн засаг өсч байгаа ч зардлууд дагаад өсөөд байх шаардлага байхгүй гэж үзсэний үндсэн дээрээс нэлээд хэдэн зардлыг 2018 онынх нь түвшинд барьж байгаа.  

ХСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэгүүдийг төсвөөс санхүүжүүлэхгүй 

Цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхэд 720 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөсөн. Түүнчлэн 2019 оны төсөв дээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагчдад сард 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор нийт 41 тэрбум төгрөг суулгасан

Эрүүл мэндийн даатгалын санг Тэтгэврийн даатгалын сангаас салгасан. Ингээд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нь зөв шийдэгдээд явах юм бол эрүүл мэндийн салбар хөл дээрээ босч чадна.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цахимжуулах, даатгалтай холбоотой мэдээллээ гар утаснаасаа авдаг, төлбөр тооцоогоо хянах боломжуудыг бүрдүүлэх цахим тогтолцоог бий болгож өгч байгаа.   

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүд бие дааж эхлэх шаардлагатай байгаа. 2019 оны төсөв дээрээс туршилтын журмаар хоёр эмнэлгийг гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвөөс биш, бие даасан байдаар үйл ажиллагаа явуулах замаар эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Энэ хоёр эмнэлэг нь Хавдар судлалын үндэсний төв, 2 дугаар эмнэлэг юм. Ингэснээр бие дааж, хараат бус үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангах үүднээс дээрх хоёр эмнэлгийг тусад нь гаргаж туршиж байгаа.

Үүнээс гадна орон нутгийн бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлж өгч байна. Орон нутаг өөрөө орлогоо олох боломжуудыг нь нээж өгч байгаа. Тухайлбал, хайгуулын лецинзийн төлбөрийн 50 хувийг аймгууд өөрсдөө зарцуулах боломжийг нээсэн. Агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг орон нутаг өөрөө мэдэж зарцууулах эрхийг олгож өгч байгаа. Газрын тосны лецинзийн төлбөрийн 30 хувийн мөн тухайн орон нутаг өөрсдөө зарцуулна. Ингэснээр орон нутгийн бие даасан байдал нэмэгдэнэ. 

Орон нутгийн хөгжлийн сан 144 тэрбум төгрөг байдаг бол анх удаа дээр нь нэмж 189 тэрбум төгрөг буюу аймаг бүр 8-10 тэрбум төгрөг нэмж олгохоор төсөвт суулгасан

Аймгуудад 2019 онд нэлээд олон сургууль , цэцэрлэг, эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Түүнтэй холбоотойгоор тоног төхөөрөмж худалдаж авах, аймгийн төвүүдийн дэд бүтэц, дулааны хангамж, гам, гэрэлтүүлэг зэргийг энэ хөрөнгөөр шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. 

Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг нэлээд нэмэгдүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын ундны усны хангамжийг нэмэгдүүлэх, саарал усыг эргэлтэд оруулах зорилгоор 350 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс гадна Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг зээлийн хөрөнгөөр барихаар болсон. Энэ бүгд нийлээд 650 сая ам.доллар болж байна. Үүнээс гадна төсөв дээр нефть боловсруулах үйлдвэр барихтай хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Дархан, Налайхын зам, нэлээд хэдэн эмнэлэг зээл тусламжаар баригдана.   

2019 онд улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ 1 их наяд 366 тэрбум төгрөг байгаа. Энэ нь 2018 оныхоос бараг хоёр дахин нэмэгдэж байна гэсэн үг.

Энэ дотроос 117 сургууль баригдахаас шинээр 49 сургуулийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлэнэ. Мөн 143 цэцэрлэгийн 60 нь шинээр, 34 дотуур байрны 22 нь шинээр, 62 эмнэлгийн 32 нь шинээр бусад нь шилжээд ондоо баригдаж дуусахаар байна. 

"Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор төсөвлөсөн" 

Дээрх мэдээллийг хийсний дараа Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд орлогоо 800 тэрбумаар, зардлаа 600 тэрбумаар нэмэгдүүлсэн байна. Орлогын төсөөллийг хэр өөдрөг, бодитой төсөөлсөн гэж харж байна вэ. Төсвийн алдагдлыг хэр сайн бууруулж чадсан гэж үзэж байгаа вэ? 

-2019 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг бид нэлээд сайн судалсан. ОУВС-гаас дэлхийн эдийн засаг 3.9 хувиар өснө гэж байснаа сая эргэж тооцож үзээд 3.7 хувиар буюу дөрвөн сарын өмнө тооцсоноос 0.2 пунктээр бууруулсан. 

Энэ хүрээнд бид төсвөө бодож тооцож хийсэн. Зэсийн үнэ гэхэд нэлээд өөдрөг  7,200 ам.доллараар тооцож байсан бол 6,200 ам.доллараар тооцож өөрчилж, оруулж ирсэн

2019 оны төлөвлөж байгаа төсвийн орлого нэлээд чанга болсон. Гэхдээ энэ хэмжээний орлогыг бүрдүүлж чадна гэж тооцож байгаа

1.9 их наяд төгрөгийн алдагдалтай тооцсон. Үүний 1.3 их наяд нь гадаадын зээл тусламж. Энд Дарханы зам, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Налайхын зам, аймгийн төвүүдийн дулааны станц, авто замын санхүүлжилт зэрэг багтаж байгаа. Цаана нь үлдэж байгаа 500 гаруй тэрбумыг Засгийн газрын мөнгөн удирдлагыг оновчтой байлгах замаар арилжааны банкны өндөр хүүтэй зээл авахгүйгээр зохицуулж чадна гэж харж байгаа.  

-Хүүхдийн мөнгөнд өөрчлөлт оруулах уу. Цалин, тэтгэврийн хэзээнээс хэдэн хувиар нэмнэ гэж тооцсон бэ?

-Цалин тэтгэвэртэй холбоотой зардалд 720 тэрбум төгрөг тавьсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд цалин өөрчлөгдөөд явна.

Үүнээс гадна цалингийн нэгдсэн системийг бий болгоно. Төрийн албан хаагчдыг нэр устай нь цалингийн нэгдсэн системд оруулна. Эрүүл мэнд, боловсрол, төрийн захиргааны байгууллагын бүх албан хаагчид хэдэн жил ажилласан, боловсрол, туршлага, цалингийн ямар шатлалаар хэдэн төгрөг авдаг зэрэг нь харагдаж байхаар нэгдсэн системд оруулна.  

Хүүхдийн мөнгө төсөв дээр 80 хувиар тооцсон. НХХЯ-наас хүүхдийн мөнгө авахыг хүссэн тоогоор санхүүжилт гаргана

-Төсөвт хэдэн төгрөгийг ипотекийн зээлд зориулж байгаа вэ? 

-Ипотекийн зээл Монголбанкин дээр хэвээр үргэлжилнэ. 

-Засгийн газраас утааг бууруулахад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Утааг бууруулахад нийтдээ 200 орчим тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс 45 тэрбум нь гэр хороолол руу цахилгаан дулааны шугам тавих ажилд зориулагдана. 147 тэрбум төгрөгийг Улаанбаатарын утааг бууруулахад зарцуулна. 2019 оны тавдугаар сараас эхлээд Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан.