Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн нийслэл төв хэсгээ автомашинаас чөлөөлсний дараах эерэг ба сөрөг үзэгдлүүд

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Норвеги улсын нийслэл Осло ногоон хот болохын тулд энэ оноос эхлэн төвөөсөө автомашинуудыг аажмаар шахах болсон нь зарим эерэг болон сөрөг үр дагаврыг бий болгожээ.

Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Ханна Маркуссен “Бид хотоо ард иргэдэд буцааж өгөхийн тулд автомашины тоог бууруулах хатуу арга хэмжээг авч байна. Үүний үр дүнд хүүхдүүд тоглох, ахмадууд зугаалах талбайтай болсон” хэмээн ярьсан байна. Ингэхийн тулд Ослогийн захиргаа хотын төв дэх 700 авто зогсоолыг хааж, автозамуудыг явган хүний зам болгон, автомашин эзэмших татварыг нэмэгдүүлснийг тэр тайлбарлажээ.

Зарим хууль тогтоогчид уг арга хэмжээгээ “Моторт унааны эсрэг Берлиний хана” хэмээн нэрлэж байв. Одоо Ослогийн төвийн 1.9 км.кв бүсэд зөвхөн такси, яаралтай тусламжийн машинууд зорчдог болжээ.

Энэ хэсэгт 5,500 хүн амьдарч, 120,000 хүн ажилладаг.

“2020 онд бид ихэнх хувийн автомашиныг үгүй хийнэ” гэж Маркуссен хэтийн зорилгоо тайлбарласан байна. Осло хот 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 95 хувиар багасгаж, Европын Ногоон Нийслэл болох зорилт тавьжээ.

Ослогийн жишээгээр Парис, Мадрид, Брюссель, Хелсинки хотууд мөн автомашинд суурилсан нийгмээ өөрчлөхийг хичээж байна.

Гэтэл эдгээр арга хэмжээнүүд Ослогийн бүх оршин суугчдад таалагдсангүй. Фэйсбүүкт 23,000 дагагчтай болсон “Yes to Cars in Oslo” хөдөлгөөний идэвхтэн Ярле Або “Хамгийн том эмгэнэл нь улс төрчид хүмүүсийн эрх чөлөө, хэтэвч рүү халдаж байгаад оршино. Ослогийн төв хэсэг үхмэл орон зай болж хувирахаас хүмүүс айж байна”гэж ярьжээ.

Або “Энэ бүхэн эцэстээ юунд хүргэхийг хэлж мэдэхгүй ч нэгдүгээр сард өвлийн -20 хэмийн хүйтэнд хүмүүс дуртайяа дугуй унана гэж би бодохгүй байна” гэж шүүмжилсэн юм.

Эдгээр шүүмжлэгчид Ослогийн нийтийн тээвэр өндөр үнэтэй (нэг тасалбар 6 евро хүрдэг), удаан хүлээлгэдэг, өвлийн хүйтэнд дааруулдаг тул эхлээд үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй гэж гомдоллож байна.

Бас хотын төв хэсгийн дэлгүүрүүдийн орлого ашиг муудаж, зарим нь хаалгаа барих болжээ. Нэгэн дэлгүүрийн эзэн Тере Косма “Манай үйлчлүүлэгчид дэлгүүрт ирэх боломжгүй болсондоо гомдолтой байна. Тэдний ихэнх нь машинаас хамааралтай амьдардаг” гээд хөрш хоёр дэлгүүр нь саяхан хаалгаа барьсныг ярьжээ.

Худалдан авагчид хотын төв рүү ирэх нь цөөрч, хотын захад орших том худалдааны төвүүдийг зорих болсон байна.

“Ресторан, кафе, баарнуудад ашигтай байж магадгүй, гэвч дэлгүүрүүдэд хохиролтой алхам боллоо” гэж Косма хэлсэн юм.

Харин Маркуссен шийдвэртээ итгэлтэй хэвээр байна. Түүний үзэж байгаагаар хотын төв нь автомашин байсан байгаагүй цагийн уртад хувьсан өөрчлөгдөж байдаг тул зах зээлийн хуулиар зөв замаа олоод хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP