Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны дайны нөлөөгөөр Азийн зарим компаниуд Хятадаас нүүж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны үр дүнд Хятадад үйлдвэрлэлээ явуулдаг Азийн компаниуд тус улсаас нүүх болсон байна.

Худалдааны дайны анхны алхам хийгдсэн долдугаар сараас эхлэн Өмнөд Солонгосын SK Hynix, Японы Mitsubishi Electric, Toshiba Machine Co, Komatsu компаниуд Хятадаас нүүхээр төлөвлөж, зарим нь нүүх ажиллагаагаа эхэлсэн тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Эдгээрээс гадна Тайваний Compal Electronics, Өмнөд Солонгосын LG Electronics компаниуд хэрвээ худалдааны дайн гүнзгийрвэл Хятадаас нүүх нөөц төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэнэ.

Үүнтэй зэрэгцэн Тайвань, Тайландын засгийн газрууд компаниудыг Хятадаас нүүж, өөрийнх нь нутагт шилжиж ирэхийг ил тод уриалах болжээ.

АНУ өнгөрсөн долдугаар сард Хятадын $50 тэрбумын дүнтэй бараанд 25 хувийн импортын татвар оноосон бол хоёрдугаар ээлжинд $200 тэрбумын бараанд 10 хувийн импортын татварыг өнөөдрөөс оноож эхлээд байна.

Хоёрдугаар ээлжийн татвар нь шинэ оноос эхлэн 25 хувь болж нэмэгдэх юм.

 Мөн Дональд Трамп хэрвээ ойлголцолд хүрэхгүй бол нэмж $267 тэрбумын бараанд татвар онооно гэж Хятадын эрх баригчдыг сүрдүүлээд байна.

Хятад улсын хямд ажиллах хүчийг ашиглахаар олон компаниуд тус улсад үйлдвэрээ байгуулсан байдаг. Компьютерийн санах ойн чип үйлдвэрлэдэг Өмнөд Солонгосын SK Hynix компани зарим чипний үйлдвэрлэлээ Хятадаас Өмнөд Солонгост шилжүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Түүний өрсөлдөгч АНУ-ын Micron Technology мөн зарим үйлдвэрлэлээ Хятадаас Азийн өөр орнууд руу нүүлгэхээр болсон байна.

Тодруулбал SK Hynix компани DRAM санах ойн АНУ-д гаргадаг хэсгийг Өмнөд Солонгост шилжүүлэх бол Хятадад гаргадаг хэсгийг хэвээр үлдээхээр болж байгаа гэнэ. Хятад нь DRAM санах ойн чипний дэлхийн хамгийн том зах зээл юм.

Toshiba Machine Co компани хуванцар эд анги цутгадаг үйлдвэрлэлээ аравдугаар сард Япон, Тайланд улсуудын аль нэг рүү шилжүүлэхээр болжээ. Автомашины бампер зэрэг хуванцар эд анги үйлдвэрлэдэг тус компанийн ашиг орлогод АНУ-Хятадын худалдааны дайн хүчтэй нөлөөлөхөөр байгааг компанийн дотоод эх сурвалж мэдээлсэн байна.

Mitsubishi Electric компани метал боловсруулахад ашиглагддаг багаж хэрэгслийн үйлдвэрээ Хятадын Далянаас Японы Нагоя хот руу нүүлгэхээр болсон байна. Азийн зарим орнууд АНУ-Хятадын худалдааны дайныг өөрт ашигтай болгон эргүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа юм.

Тухайлбал Тайвань улс өөрийн компаниудыг Хятадаас эх орондоо, эсвэл Азийн бусад орнууд руу нүүхийг идэвхтэй дэмжиж байна.

Тэд эдийн засгаа эх газрын Хятадаас хамааралгүй болгох зорилготой байгаа юм.

Тайландын засгийн газар бас энэ боломжийг ашиглахаар идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал өнгөрсөн сард Хятадын компаниудын 800 орчим төлөөлөгч Тайландын аж үйлдвэрийн бүс нутагтай танилцахаар ирснийг тус улсын Хөрөнгө Оруулалтын Зөвлөл мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters