Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, Ватикан улсууд түүхэн тохиролцоонд хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Олон арван жилийн турш зөрчилтэй явж ирсэн Хятад, Ватикан улсууд анх удаа тохиролцоонд хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Зөрчлийн гол нь Католик сүм хийдийн хамба лам нарыг хэн томилох дээр гардаг байв. Уламжлал ёсоор тэднийг Ромын пап лам томилох ёстой. Гэвч Хятадын эрх баригчид 1951 онд Ватикантай дипломат харилцаагаа тасалснаас хойш өөрсдөө хамба нарыг томилох болжээ.

Хятадын католик сүм хийдүүдэд Бээжингийн томилсон албан ёсны хамба нар, Ватиканы томилсон хууль бус хамба нар гэсэн хоёр хэсэг хүмүүс байсаар ирсэн юм.

Тэгвэл саяхан хийсэн тохиролцоогоор Бээжингийн томилсон долоон хамбыг Ватикан хүлээн зөвшөөрч, хариуд нь Ватиканы томилсон цөөн хамбыг Бээжин зөвшөөрөхөөр болжээ.

Гэрээний эх олон нийтэд ил болоогүй тул Бээжингийн томилсон хамба нарт Ромын пап хэр нөлөөтэй үлдсэн нь тодорхойгүй байна. Хятадад Католик шүтлэгтэй 10-12 сая хүн бий гэдэг.

Хятадын эрх баригчидтай тохиролцсоноор Ватикан өөрийн томоохон зах зээлд нөлөөгөө хадгалах боломжтой болж байна. Учир нь сүүлийн жилүүдэд Католикуудын өрсөлдөгч Протестантуудын тоо Хятадад нэмэгдэх болсон гэдэг.

 

Эх сурвалж: Quartz