Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим орчинд хүүхдийг хамгаалахад харилцаа холбооны салбарынхан чухал үүрэгтэй

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг: mpa.mn

Интернэт болон цахим технологийн эрин үед хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж, тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдэж байна. Гэвч нөгөө талаас хүүхдүүд цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт орох бодит тохиолдлууд гарах болсон.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгуулж буй “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт, нийгмийн олон талыг хамарсан хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Интернэт болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал сүүлийн үед ихээр гарах болсон.

Иймд хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс сэргийлж, хамгаалахад салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал тул НҮБ, Харилцаа холбооны Зохицуулах хороо, ХНХЯ, ЗГХА Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газар, Интерпол болон олон улсын төрийн бус байгууллагууд тус хэлэлцүүлэгт оролцсон юм.

Хэлэлцүүлгийн зорилго нь тухайн асуудлаарх салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм. Ялангуяа үүрэн телефоны операторууд, интернетийн үйлчилгээ эрхлэгчид, контент үйлдвэрлэгчид болон түгээгчид зэрэг мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарынхан чухал үүрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид чухалчиллаа.

 
Гэрэл зургийг: mpa.mn

НҮБ-ийн Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах хэрэгцээ шаардлага зөвхөн Монгол Улсад бус дэлхийн ихэнх улс орны тулгамдсан асуудал болоод байна. Олон улс болон бүсийн түвшинд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэрэгт өртөж буй судалгаа сүүлийн үед ихээр гарч буйн үндсэн дээр бид Монгол Улсад тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зориод байна” гэлээ.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газар “Бид Хамгаална” олон улсын эвсэлд нэгдсэнээр, цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах олон улсын загварын дагуу үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж буйг олон улсын байгууллагууд сайшааж байна. 

 
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан “Цагдаагийн байгууллага насанд хүрээгүй хүүхдүүд цахим орчинд бэлгийн дарамтад өртсөн олон тохиолдол, хэргүүдийг илрүүлж байна. Насанд хүрээгүй эмэгтэй хүүхдүүд нийгмийн сүлжээгээр дамжин танилцаж, танихгүй хүнтэй удаан хугацаагаар харилцасны дараа цахим сүлжээгээр үерхдэг тохиолдол их болжээ.

Цагдаагийн газрын саяхан илрүүлсэн нэг кейсийг жишээ болгоход. Насанд хүрээгүй охинтой цахим орчинд харилцсан этгээд нүцгэн зургаа илгээхийг хүсэж, дараа нь дарамт үзүүлж бэлгийн харьцаанд орсон тохиолдол гарсан. Тухайн этгээдийг шалгахад 200 гаруй насанд хүрээгүй охидын зургийг цуглуулсан байсан нь нотлогдсон. Гэтэл үүнийг эцэг эх нь мэдээгүй явж байдаг. Энэ төрлийн хэргийн хохирогчид бусдаас айж, эмээж, ичдэг тул хаана хандахаа мэддэггүй. Цагдаагийн байгууллагад мэдэгдвэл бусдад ил болно гэж айдаг. Үүний үр дүнд  гэмт этгээд ямар ч ял, шийтгэлгүйгээр үлддэг тохиолдлууд гарч байна. Иймд цагдаагийн байгууллагад ийм төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай мэдээлж, зохих арга хэмжээг цаг тухайд нь авах чухал” гэдгийг анхаарууллаа.