Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

2025 онд 65 сая тоннын шинэ нөөц шаардах дэлхийн нүүрсний зах зээлийг Монгол ашиглаж чадах уу

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн болон Хятадын нүүрсний зах зээлийн голлох тоо баримтууд яах аргагүй Монголын нүүрсний зах зээлд чухал нөлөөтэй. Тийм учраас “Coal Mongolia-2018” нүүрсний салбарын чуулга уулзалтын хоёр дахь хэсэг буюу Монгол, Хятадын нүүрсний салбарын бизнес форумын үеэр тавигдсан дөрвөн илтгэлийг бид онцолж, гол эшлэлүүдийг хүргэж байна. 

“Импортын нүүрсийг хязгаарлах бодлого баримталж байгаа ч өндөр чанартай нүүрсний хувьд орон зай байна”
 
Гэрэл зургийг MPA.mn

“Хятадын үндэсний нүүрс ассоциаци”-ийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал, Хятадын нүүрс тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч Ян Сианфенг:

  • Нүүрсний үйлдвэрлэл Зах зээлийн эдийн засагт шилжиж байгаатай холбоотойгоор урт хугацаанд нүүрс захиалах тогтолцоо арилж байна. 
  • Ирээдүйд бид жижиг болон дунд үйлдвэрүүдийг хуваарьтайгаар багасгана. 
  • Дэлхийн нүүрсний том хэрэглэгчийн хувьд БНХАУ-ын эрэлт өдөр өдрөөр нэмэгдэж байна. Харин Монгол Улсад нүүрсний асар их нөөц байна. 
  • Манай хоёр улс нүүрсний худалдаанд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой юм. 
  • Хятадын хувьд нүүрс угаах, тээвэрлэх, хадгалах зэрэгт бүхий л аргачлалыг хэрэгжүүлж байна. 
  • Хятадын зах зээлд өрсөлдөгч хэд хэдэн тал байгаа. Тиймээс өөрийн давуу талыг харуулах хэрэгтэй. 
  • Энэ жил манай улсын зүүн хойд бүсэд томоохон гангийн болон төмрийн үйлдвэртэй холбоотой эрчим хүчний хангамжид асуудал үүснэ. Монгол нүүрсний үнээ багасгавал сайн байна. Энэ бол манай талын санал хүсэлт юм. 
  • Монгол Улсын өндөр чанарын коксжих нүүрс Хятадын төмөрлөгийн үйлдвэрлэлийн чухал бүтээгдэхүүн байж ирсэн. 
  • Манай бодлого импортын нүүрсийг хязгаарлах бодлого баримталж байгаа ч өндөр чанартай нүүрсний хувьд орон зай байна.
Коксжих нүүрсний үйлдвэрлэл байгаль орчны шалтгаанаар хумигдах хандлагатай байгаа нь эрэлтэд нөлөөлж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

"Фэнвэй Энержи информэйшн сервисез" компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лиу: 

  • Хятадын нүүрсний зах зээл дэх бодлого нь байгаль орчны хяналтын тогтолцоо, үнийн зохицуулалт, экспорт, импортын тэнцвэртэй байдал зэрэгт тулгуурлаж байна. 
  • Коксжих нүүрсний эрэлт буурах хандлагатай. Өмнө нь нийлүүлэлт илүүддэг байсан бол энэ байдал аажмаар засагдаж, эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж байгаа. Үүнийг дагаад импорт буурах хандлага ажиглагдаж байна.
  • Реформ шинэлэлийн хүрээнд 2018 онд 150 сая тонн хүчин чадлыг бууруулахаар төлөвлөсөн бол эхний хагас жилийн байдлаар 80 сая тонныг нь халчихаад байна
  • Ийнхүү байгаль орчинд халтай, хэт хуучин технологитой, бүтээмж муутай үйлдвэрүүдийг халж, шинэчлэх бодлого баримталснаар ашигтай ажиллагааг 1.7 хувиар буюу 300 тэрбум юаниар нэмэгдүүлж чадсан. Цаашлаад энэхүү ашигт ажиллагааг 5.5 хувиар нэмэгдүүлж, 2018 оны хагас жилд 500 тэрбум юаньд хүргэнэ гэсэн тооцоо байна. 
  • Төрийн зөвлөлөөс Цэнхэр тэнгэрийг хамгаалах 3 жилийн төлөвлөгөө гаргасан бөгөөд энэ хүрээнд Хятад улс 2020 он гэхэд эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг 58 хувиар бууруулах зорилт тавьсан. Үүнд Хэбэйгээс эхлээд 7 том муж хамаарч буй.
  • Олборлох болон боловсруулах салбарууд дахь төрийн хяналт, ялангуяа байгаль орчны хяналт чангарсан. Тухайлбал, хүнд даацын авто машинаар нүүрс тээвэрлэж буй байгаль орчинд сөрөг нөлөөтэй ажиллагааг хатуу зохицуулалтад оруулж, 2020 он гэхэд бүрэн халах бодлого барьж байна.
  • Коксжих нүүрсний экспорт нь 2018 оны эхний хагас жилд 67 хувиар буурсан. Импорт нь мөн 11.5 хувиар багассан. Монголоос авч байгаа нүүрсний импорт 14.3 сая тонн буюу 9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • БНХАУ-ын нүүрсний импортыг Монгол, Австрали улс тэргүүлж байна. Гуравдугаарт Канад улс ордог байсан бол сүүлийн үед ОХУ орлох болсон. ОХУ БНХАУ-д нүүрс экпортлохоор шаргуу бөгөөд санаачилгатай ажиллаж байгаа.
  • Хятадын коксжих нүүрсний бэлэн нөөц 2018 онд 2 сая тоннд хүрэхээр байна. Энэ нь эрэлт буурах хандлагыг бий болгож байна. Иймд эдийн засгийн идэвхжил, хөрөнгө оруулалт тогтвортой болоод удаашрах хандлагатай. 
  • Коксжих нүүрсний үйлдвэрлэл байгаль орчны шалтгаанаар хумигдах хандлагатай байгаа нь эрэлтэд нөлөөлж байна.   
“2025 онд л гэхэд дахин 65 сая тоннын шинэ эх үүсвэр шаардлагатай. Энэ орон зайг Монгол ашиглах уу, эсвэл Австрали, ОХУ-д боломжоо алдах уу”
 
Гэрэл зургийг MPA.mn

Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төв болох "Вүүд Маккензи групп"-ийн ахлах шинжээч Пралаб Бхаргавагийн: 

  • Бохирдол ихээр үүсгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй жижиг хүчин чадлыг том хүчин чадалд шилжүүлэх Хятадын бодлого импортод шууд нөлөөлсөн. 
  • Гэхдээ жижиг зуухыг хүчин чадал ихтэй, урт яндантай, түүхий эдийн чанар голдог том зуухаар сольж байгаа нь нөгөө талдаа сайн чанарын коксжих нүүрсний хэрэглээг нэмэгдүүлж байгаа юм.   
  • Хятад дотоодын нийлүүлэлтээ хумьж байгаа. Ялангуяа, хүхрийн агууламж өндөртэй нүүрстэй холбоотойгоор. Энэ нь Монголд ашигтай. 
  • 2017 онд л гэхэд хүхрийн агууламж багатай, сайн чанарын нүүрсний нийлүүлэлт өссөн дүнтэй байна. 
  • 2019 оны төлөвийг харахад нүүрсний хэрэглээ буурах ч сайн чанарын нүүрсний хэрэглээ өсөхөөр байгаа нь Монголд тааламжтай
  • Урьдчилсан тооцоогоор металлургийн буюу коксжих нүүрсний дэлхийн хэрэглээ 111 сая тонн болж нэмэгдэх боломжтой. Энэ тоо 2020 онд 300 сая тонн болно. 
  • Эрэлт дэлхий дахинд 25 хувь өсөх хандлага ажиглагдаж байна. 
  • Сүүлийн жилүүдэдэ нүүрсний зах зээл дэх бодит мөнгөн урсгал нэмэгдсэн хэдий ч 2017 онд л гэхэд томоохон нүүрсний уурхайд хөрөнгө оруулсан компани алга
  • Нийлүүлэлтийн нөөц ерөнхийдөө шавхагдаж яваа. 2025 онд л гэхэд дахин 65 сая тоннын шинэ эх үүсвэр шаардлагатай. Энэ орон зайг Монгол ашиглах уу, эсвэл Австрали, ОХУ-д боломжоо алдах уу? Орон зай, боломжууд Монголд байна.
  • Англи, Америкийн хувьд нүүрсээ тэр чигээр нь нийлүүлэхгүйгээр улс орнуудын техникийн тодорхойлолтод нийцүүлэн боловсруулж гаргаж байна. Харин Монгол их сайндаа л нүүрсээ угаагаад экспортолж байна.
  • Монгол Улсын хувьд Хятадын техникийн тодорхойлолтод нийцүүлж чадвал бүх төрлийн нүүрсний нөөц, маш их потенциал байна. 
“Хятадын нүүрсний импортод Монголын эзлэх байр суурь өндөр хэвээр байна”
 
Гэрэл зургийг MPA.mn

"S&P Global Platts" компанийн Азийн бүс хариуцсан захирал Жьюлиэн Халл:

  • Хүмүүс нүүрсний зах зээл дээрх үнэ савалгаатай зэргээр гутранги ярьж байна. Гэвч эерэг талаас нь харвал боломж их байна. 
  • Хятадын коксжих нүүрсний зах зээлийн сүүлийн 15 жилийн үнийн динамикийг ажиглавал хүчтэй далайн шуурга зэрэг байгалийн үзэгдлээс шалтгаалан хэд хэдэн удаагийн гэнэтийн өсөлт харагдана.
  • Хятадын нүүрсний импортод Монголын эзлэх байр суурь өндөр хэвээр байна. Харин Канадынх буурсан байна. Энэ нь тус улс өөр бүстэй урт хугацааны гэрээ байгуулсантай холбоотой болов уу. 
  • Америкаас авдаг нүүрсний импорт бага хувийг эзэлж байна. Худалдааны эхэлсэн энэ үед улам буурах байх
  • 2017 он чухал он байлаа. Учир нь Япон, БНСУ-ын ган үйлдвэрлэгчид нүүрсний нийлүүлэгчидтэй улирал бүр үнээ тохирдог байсан бол индексжүүлэх шинэ тогтолцоонд шилжлээ. Энэ нь ирээдүйд үнэ таахуйц нөхцөлийг бүрдүүлэх болов уу. 

"Coal Mongolia-2018" өнөөдөр үргэлжилнэ. Нүүрсний салбарын тус чуулга уулзалтын хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.