Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Шахмал түлш үйлдвэрлэх бизнест хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байна”

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт, үзэсгэлэн ирэх сарын 4, 5-нд болно. Найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй уг чуулганы талаар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй “Гложес Консалтинг” компанийн захирал, эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа. 
 
-Энэ удаагийн “Coal Mongolia-2018” чуулга уулзалт болоход долоо хоногийн хугацаа үлдсэн байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ. Оролцогчдын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Coal Mongolia-г өнгөрсөн оноос эхлээд бид БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгааны “Fenwei Energy Information Services” хэмээх томоохон компанитай хамтран зохион байгуулах болсон. Хятадын нэр хүнд бүхий энэ компанитай хамтарснаар Монголоос нүүрс худалдан авах сонирхолтой Хятадын тээвэр ложистик, худалдааны компаниуд болон хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэж байна
 
Одоогоор “Coal Mongolia-2018” чуулганы бүртгэл болон үзэсгэлэнгийн талбайн захиалга хаагдсан байгаа. Чуулганд гүйцэтгэх захирал, компанийн ТУЗ-ийн дарга, төр засгийн төлөөллүүд, хөрөнгө оруулагчид гээд 15 орны 600 орчим зочин ирэхээр бүртгүүлсэн байна. Мөн 62 компани үзэсгэлэн гаргахаар захиалга өгсөн нь өмнөх жилийг бодоход идэвхтэй байгааг илтгэж буй юм. 

 

-Байгаль орчин талаасаа дэлхийн чиг хандлага нүүрснээс татгалзаж байгаа энэ үед “Сoal Mongolia”-г сонирхогчдын тоо нэмэгдэж байгааг та ямар шалтгаантай гэж үзэж байна вэ? 
-БНХАУ бол эдийн засаг, хөгжлийн бодлогоо 5, 5 жилээр төлөвлөдөг. Эндээс үзэхэд тус улс эдийн засгийн бүтцээ эрүүлжүүлж, аж үйлдвэрийн салбарууддаа хийж байгаа шинэчлэлүүд нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй техник технологийг дэмжих бодлого барьж байгаа. Тийм ч учраас хүрэн нүүрсний хэрэглээг хүчтэй танаж байна. Коксжих нүүрсний зах зээлийн хувьд эрэлт нь 1-2 хувийн өсөлттэй байгаа бөгөөд нийлүүлэлт нь ч төдий хэмжээний тэнцвэртэй байгаа. Энэ нь нүүрсний үнэ тогтвортой байсан нэг шалтгаан. 

График 1. Хятадын коксжих нүүрсний эрэлтийн 2018 оны таамаг

Хятад бол түүхий нүүрсэнд шилжүүлснээр жилд 1.2 тэрбум тонн коксжих нүүрс хэрэглэдэг. Баяжуулсан нүүрсэнд шилжүүлснээр 560 орчим сая тоннын хэрэглээтэй. Үүнээс 60-70 сая тонныг импортоор авдаг бол гол нийлүүлэгч улс нь Австрали. Мөн Монгол, Индонезоос импортолдог. 

Хятадын энэхүү бодлоготой уялдаад төвлөрөл ихтэй хотуудынхаа нүүрсний хэрэглээг нэлээд эрчимтэй танаж байгаа. Ялангуяа, хотжилт эрчимтэй өрнөсөн зүүн эргийн бүс нутгуудыг хэрэглээний бүтцийг харахад импортоор авч байгаа худалдаа нь нэмэгдээгүй, тогтвортой байсан бол Монголтой хил залгаа байгаа Өвөрмонгол, Шяньси, Хэбэй зэрэг мужуудын импортолсон нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэн дүр зураг ажиглагдсан. 

Энэ юуг харуулж байна гэхээр, нэг талаас Индонез, Австрали улс далайн эргээс гадна Хятадын эх газраар төмөр зам юм уу, авто замаар тээвэрлэлт хийж байж зүүн хойд бүс нутагт Монголтой өрсөлдөх болчихоод байгаа юм. Нөгөө талаар, Монголд давуу тал бий болж байна. Өмнө нь далайн эргийн худалдаа харьцангуй өндөр байсан бол хэрэглэгчид нь бидэнтэй харьцангуй ойртсон гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын хувьд байршлын давуу тал өрсөлдөх чадварыг батжуулж өгч байна. 

-Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн таатай нөхцөл үүссэн энэ жил шувтрах тийш хандаж байна. Ирэх жилээс үнэ аажмаар буурах төлөвтэй гэж үзэж буй. Энэ таамаг хэвээр хадгалагдаж байгаа болов уу?

-Дүн шинжилгээний томоохон компаниудын сүүлийн үед гаргаж байгаа анализууд 2019 оны дунд үе хүртэл нүүрсний үнэ тогтвортой байгаад, 2019 оны дунд үеэс огцом унах хандлагатай гэж байгаа. “Coal Mongolia-2018” чуулганы үеэр яг энэхүү чухал анализыг хийж байгаа байгууллагуудын ахлах шинжээч, хариуцсан захирлууд нь ирэх учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Өөр шинэ баримтууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. 

-Үнийн эрсдэлээс гадна олон сорилт Монголын нүүрсний салбарт бий. Ялангуяа, өнгөрсөн жилийн форумаар хэлэлцсэн тээвэр ложистикийн асуудлыг онцолмоор байна. Үр дүнд хүрсэн үү?

-Хил гаалийн зохион байгуулалт, тээвэр ложистик тал дээр манайх үнэхээр муу байна. Нөгөөтэйгүүр, байгаль дэлхий өнгөрсөн зун том сорилт боллоо. Уурхайнууд, авто зам болон төмөр замууд үерээс болж эвдэрч, гэмтсэн нь дэд бүтцээ шийдэхийг бүр илүү анхаарууллаа. Үүнийг сайжруулахын төлөө “Coal Mongolia” найм дахь жилдээ ярьж байна. Жил болгон яригддаг улиг болсон, магадгүй ярихаас ч залхмаар сэдэв байж болох юм. Гэхдээ зайлшгүй байнга ярих ёстой сэдэв. 

Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 10 орны тоонд багтдаг. Одоогийн байдлаар 15 сав газрын 300 гаруй орд, илрээд байгаа бөгөөд Монгол орны нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн бөгөөд цаашдаа өсөх боломжтой. Уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарт төрийн болон орон нутгийн өмчит 7 аж ахуйн нэгж, байгууллага 8 уурхайд, дотоодын болон хамтарсан 28 аж ахуйн нэгж, байгууллага 33 уурхайд, гадаадын хөрөнгө оруулалттай 7 аж ахуйн нэгж 8 уурхайд тус тус нүүрс олборлож байна. 

170 гаруй тэрбум тонноор хэмжигдэж байгаа нүүрсээ гуравдагч орон руу, олон улсын зах зээлийн үнээр худалдах боломж байна. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Монголчууд аа, та нар Хятадын хөгжлийн галт тэргэнд суугаарай” гэж урьсан. Энэ бодлого хэвээр байгааг сая айлчлаад буцсан Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн үгнүүдээс харж болж байна. Ши Жиньпин Гашуунсухайтын боомтыг олон улсын боомт болгоход дэмжихээ илэрхийлээд монголчуудыг үүний тулд ажиллаарай гэсэн ч өнөөг хүртэл нэг ч санаачилга гараагүй, урагшилсангүй. Энэ боомт олон улсын статустай болчихвол Эзний хошуу гэх жижиг сумын дайтай газрын захиргаанаас хамааралтайгаар Монгол Улсын экспорт гацаж зогсдог байдал үгүй болж, шууд цаашаа Тяньжин хүртэл, Япон, Солонгосын зах зээлд нүүрсээ гаргах бололцоо бүрдэнэ.

График 2. Нүүрсний экспорт ба үнэ (2009 оноос хойших үзүүлэлтүүд)

Тодорхой баримт дурдъя л даа. БНХАУ-ын хилтэй ойролцоо экспортын баримжаатай 20 гаруй уурхай ажиллаж байгаа бөгөөд олборлолтын хүчин чадал нь 100 сая тонн. Гэтэл экспортолж чадаж байгаа хэмжээ нь 36-38 сая тонн. Өөрөөр хэлбэл, 64 сая тонн олборлолтын хүчин чадлыг ашиглаж чадахгүй, капиталын хувьд үр ашиггүй хөрөнгө оруулалт болж байгаа нь өрсөлдөх чадварыг буууруулж байгаа юм. Энэ нөөц боломжоо бүрэн ашиглахын тулд тээвэр ложистикийн шийдэл үнэхээр хэрэгтэй. Ялангуяа, авто тээврийн ослоор Тавантолгой орчимд долоо хоног бүр нэг хүн нас барж байгаа нөхцөлд төмөр замаа яаралтай барих хэрэгтэй учраас энэ жил энэ сэдвээ дахиад ярина. ЗТХЯ энэ хурал дээр тодорхой тооцоо судалгаагаа танилцуулна гэсэн хүлээлттэй байна. 

-"Coal Mongolia-2018"-ын онцлох илтгэлүүд юу байх вэ?

-Энэ жилийн чуулганыг “Технологийн дэвшилд хамтдаа” гэдэг уриан дор явуулж байгаа.  Нүүрсний уурхайнууд конверын тээврийн систем нэвтрүүлэх, баяжуулалтын хаягдлыг байгаль орчинд хор хөнөөл багатайгаар боловсруулдаг болох шаардлага байна. Ирэх оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор түүхий нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэх бизнест орох хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр болсон. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын  нэвтрүүлэх чадварыг сайжуулах зэрэг зорилтыг тавьж байгаагаараа энэ жилийн форум онцлог.

Илтгэлүүдийн хувьд Монгол, Хятадын нүүрсний салбарын бизнес форумын хүрээнд тавигдах гурван илтгэлийг онцолж болно. Энэ нь нүүрсний зах зээлийн талаарх гол мэдээллийг өгөх 

  • "Фэнвэй Энержи информэйшн сервисез" компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”
  • Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төв болох "Вүүд Маккензи групп"-ийн ахлах шинжээч Пралаб Бхаргавагийн "Шилжилтийг чиглүүлэх нь"
  • "S&P Global Platts" компанийн Азийн бүс хариуцсан захирал Жьюлиэн Халлын "Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага" сэдэвт илтгэлүүд юм.

Чуулганаар 6 сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ "Coal Mongolia - 2018"-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.