Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын засгийн газар Азийн Наадмын дараа цэргийн албанаас чөлөөлөгдөх нөхцлийг эргэж харахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Нак Ён өнөөдөр өглөө болсон засгийн газрын хуралдаан дээр цэргийн албанаас чөлөөлөгдөх нөхцлийг сайжруулах даалгаврыг холбогдох албаныханд өгсөн байна.

Хуулийн дагуу тус улсын эрэгтэйчүүд хоёр жил орчим хугацаатай цэргийн албыг заавал хаах үүрэгтэй байдаг. Харин Олимпийн болон Азийн Наадмын алтан медальтнууд улс орныхоо нэр хүндийг өргөснийхөө төлөө цэргийн албанаас чөлөөлөгдөх онцгой эрх эдэлдэг ажээ.

Сая болж өнгөрсөн Азийн Спортын Наадамд хөлбөмбөгийн төрлөөр алтан медаль зүүсэн Сон Хюн Мин тэргүүтэй тамирчид уг журмын дагуу заавал хаах үүргээс чөлөөлөгдсөн байна.

Харин үүнтэй зэрэгцэн зөвхөн спортын оддыг цэргийн алба хаахаас чөлөөлж байгааг шүүмжилсэн маргаан Өмнөд Солонгосын олон нийтийн дунд үүсээд байгаа юм.

Тэд тамирчдаас ялгаагүй улс орныхоо нэрийг дуурсгаж байгаа K-pop оддыг, тухайлбал Биллбордын шилдэг 200-гийн жагсаалтад Солонгосын уран бүтээлчдээс анх удаа багтсан BTS хамтлагийнхныг чөлөөлөхийг уриалсан байна.

Ерөнхий сайд Ли олон нийтийн уг шүүмжлэл үндэслэлтэйг хэлээд спортоос гадна өөр бусад салбаруудад үйлчлэх боломжийг судлахыг даалгажээ. Тэр бас хоёр Солонгосын хамтарсан баг энэ удаагийн наадмаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль зүүсэн амжилтыг сайшааж, цаашид олон улсын тэмцээн уралдаануудад хамтарсан багийг үргэлжлүүлэн оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News