Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотын нийтийн бие засах газруудад өдөр бүр “нууц камер”-ын шалгалт хийж байхаар боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа нийтийн бие засах газруудад өдөр бүр “нууц камер”-ын шалгалт хийж байх шийдвэр гаргажээ.

Тус улсын нийгэмд нууцаар охид бүсгүйчүүдийн нүцгэн зураг, дүрсийг буулгаж, интернэтээр тараах үзэгдэл газар авсныг эрх баригчид хязгаарлаж дийлэхгүй байгаа юм.

2012 оноос 2016 оны хооронд 26,000 хохирогч цагдаад бүртгэгдсэн боловч цаана нь мэдэгдэлгүй өнгөрч байгаа олон тохиолдол бий гэж үздэг.

Одоо тус улсад зарагдаж буй гар утаснуудын камераар зураг авахад сонсогдохуйц дуу чимээ гаргадаг болсон нь ийм үйлдлээс сэргийлэх зорилготой. Гэхдээ үзэг, цаг, гутланд суулгадаг тагнуулын зориулалттай камернуудыг хянаж дийлэхгүй байна.

Зөвхөн нийтийн бие засах газруудад биш, хуучин найз бүсгүйнхээ нууцаар хийсэн бичлэгийг өшөө авах зорилгоор интернэтэд тараадаг үзэгдэл нэмэгдэж байгаа юм.

Уг сөрөг үзэгдлийг хязгаарлахыг шаардсан эмэгтэйчүүдийн жагсаал сар бүр зохион байгуулагддаг болсон. Өнгөрсөн сарын ийм жагсаалд 70,000 хүн оролцсон гэх тоо бий.

Одоогийн байдлаар Сөүл хотын захиргаа 20,000 гаруй нийтийн бие засах газарт 50 байцаагчаар сар тутамд нэг удаа камер илрүүлэх шалгалт явуулдаг.

Харин удахгүй хэрэгжүүлж эхлэх шинэ төлөвлөгөөгөөр 8,000 байцаагч өдөр бүр нэг удаа шалгах юм. Мөн хотын захиргаа камернаас бүрэн хамгаалагдсан, баталгаатай 1,000 бие засах газрыг эмэгтэйчүүдэд зориулан ажиллуулахаар болсон байна.

Нууц камерын хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл өнгөрсөн сард нэг бүсгүй найз залуугийнхаа нүцгэн зургийг тараасан хэргээр нэг жилийн хорих ял сонссон юм. Харин ийм хэрэг үйлдсэн ихэнх эрчүүд торгуулаад өнгөрдөг нь бүсгүйчүүдийг бухимдуулж, хууль эрх зүйн орчныг шинэчлэхийг шаардаж байна.

 

Эх сурвалж: The Guardian