Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид цэрэгт явах уу, эсвэл алтан медаль зүүх үү гэдгээ маргааш шийднэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Сон Хюн Мин

Индонезид болж байгаа Азийн Спортын наадмын хөлбөмбөгийн аваргын төлөө тоглолт маргааш буюу Бямба гарагт Жава арлын баруун хэсгийн Пакансари стадионд болно.

Энэ тэмцээнд Азийн хөлбөмбөгийн хүчирхэг хоёр гүрэн болох Япон, Өмнөд Солонгосын багууд шалгарч үлдээд байна. Алтан медалийн тоглолт Өмнөд Солонгосын шигшээ багийн 20 тоглогчийн хувьд маш чухалд тооцогдож байгаа.

Учир нь тэд аварга болвол бүгд заавал хаах цэргийн албанаас чөлөөлөгдөх юм. Өмнөд Солонгосын багийн ахлагч Сон Хюн Мин ганцхан энэ шалтгаанаар Тоттенхэм клубээсээ чөлөө авч, Премьер Лигийн тэмцээнүүд эхэлж байхад Азийг зорьсон.

Азийн 23 хүртэл насныхан өрсөлддөг уг тэмцээнд насны хязгаараас хэтэрсэн 3 хүртэл тоглогч оролцохыг зөвшөөрдөг. Тэдний нэг нь 26 настай Сон Хюн Мин юм. Хэрвээ тэр алтан медаль зүүвэл цэргийн албанаас чөлөөлөгдөж, Тоттенхэм клубтэйгээ 5 жилийн гэрээ байгуулна. Харин ялагдвал тэр 28 насандаа 21 сарын хугацаатай цэргийн алба хаахаар нутаг буцах тул өөр клубт бага үнээр зарагдах юм.

Харин Соны багийн бусад залуус алтан медаль зүүвэл үсээ дураараа засуулах эрх чөлөө эдлэхээс гадна цэрэгт хоёр жил орчим алба хаах хугацаагаа өөр илүү ашигтай зүйлд зарцуулах ажээ.

Шигшээ шатанд хүрэх хүртлээ Өмнөд Солонгосын залуус маш хүнд, дарамт ихтэй зам туулж ирсэн. Тэд эхний тоглолтдоо Малайзын багт 2:1 харьцаагаар хожигдож, нутгийн фэнүүддээ хатуу шүүмжлүүлсэн юм. Гэвч дараа нь Ираныг 2:0-ээр хожиж, хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Узбекистаны багийг нэмэлт цагт 4:3 харьцаагаар хожсон байна.

 Үүний дараа тэд Вьетнамын шигшээ багийг 3:1 харьцаатай хожсоноор мөнхийн өрсөлдөгч Хөх самурайнуудтай аваргын төлөө тоглохоор шалгарсан юм.

Харин Япончуудын хувьд эсрэгээрээ энэ тэмцээнийг төдийлөн чухалд тооцолгүй, бүх тоглогчдоо 21 хүртэл насны залуусаар бүрдүүлж, туршлагатай тоглогчдоо оролцуулаагүй байна. Тэдний зорилго бол Токио 2020 Зуны Олимпийн наадамд оролцох залуусаа туршлагажуулж, бэлдэх ажээ.

Тиймээс нэг нь заавал хожих ёстой, нөгөө нь хожих чухал биш хоёр багийн хооронд болох маргаашийн тэмцээн тун сонирхолтой болохоор байна. Тэмцээн Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ.

 

Эх сурвалж: The Guardian