Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

31 жилийн өмнө сураггүй болсон Орос уулчны бүхлээрээ хөлдсөн цогцсыг олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

31 жилийн өмнө Европын хамгийн өндөр оргилд авирч байгаад цасан нурангинд дарагдаж амиа алдсан эмэгтэй уулчны “мумми” болсон цогцсыг энэ долоо хоногт олжээ.

Оросын өмнөд хязгаарын Эльбрус уулнаас олдсон Елена Базыкинагийн цогцос яг “лааны тосон баримал” шиг хадгалагдсан байсныг аврагчид мэдээлсэн байна.

Базыкина 1987 онд 36 настайдаа зургаан найзын хамт энэ ууланд авирч байгаад сураггүй болсон юм. Хэсэг уулчид түүний цогцсыг 4,000 метрийн өндөрт орших мөсөн дундаас олжээ.

Базыкинагийн хувцаснаас ЗХУ-ын иргэний паспорт, 1987 оны дөрөвдүгээр сарын 10-нд Москвагаас ниссэн Аэрофлотын онгоцны тийз олдсон байна.

Оросын эрх баригчдын нийтэд үзүүлсэн дүрс бичлэгт аврагчид мөсөн дундаас уулчин эмэгтэйн хөлдүү цогцсыг гаргахаар ажиллаж байгааг харуулжээ.

Базыкина нь гэр бүлгүй, хүүхэдгүй, Москвагийн Шинжлэх Ухааны Хүрээлэнд ажилладаг, ууланд авирах маш их дур сонирхолтой нэгэн байсныг Комсомольская Правда сонин олж мэдээлсэн байна. Түүний эцэг, эх нь нас барж, ойр дотны хүмүүс нь олдох найдлага тасраад байх үед үеэл нь сонины редакцтай холбоо барьжээ.

Гэр бүл, ойрын хүмүүс нь Базыкинаг амьд байгаа гэдэгт итгэж, хүлээж байсан тухай тэр ярьсан байна. “Түүний алга болсон газар (Кавказ) аюултай бүс нутагт тооцогддог тул хаа нэгтээ барьцаалагдсан байгаа байх гэж бид таамаглаж байв” гэж амьд үлдсэн үеэл нь ярьжээ.

Тухайн үед Зөвлөлтийн аврах албаныхан Базыкина болон түүний найз нарыг хайгаад олж чадалгүй эрлээ зогсоож байсан гэнэ. Одоогоор зөвхөн Базыкинагийн цогцсыг олоод байгаа ба бусад хүмүүсийн цогцос олдсон эсэх нь тодорхойгүй байна.

Дараах дүрсийг зөвхөн насанд хүрэгчид үзэхийг зөвлөжээ.

Эх сурвалж: Russia Today