Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Путин тэтгэврийн насыг нэмэх чухал шаардлагатай байгааг иргэдэд хандаж тайлбарлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин удахгүй нэвтрүүлэх гэж байгаа тэтгэврийн системийн шинэчлэлийг дэмжихийг тус улсын иргэдэд хандаж уриалжээ.

Хэрвээ яаралтай уг шинэчлэлийг хийхгүй бол улс орны эдийн засаг доройтож, хэт инфляц бий болж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж тэр тайлбарласан юм.

Төв телевизийн сувгаар 30 минут үг хэлэхдээ Путин тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбоотой сөрөг үзэгдлээс сэргийлэх арга хэмжээ авахаа бас амласан байна.

Өнгөрсөн зун болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр буюу зургаадугаар сарын 14-нд Оросын засгийн газар тэтгэврийн насыг нэмэхээр бэлдэж байгаагаа анх зарласан юм. Гэвч энэ шийдвэр санал асуулгаар Оросуудын 90 хувийн эсэргүүцэлтэй тулгарч, орон даяар хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн байна.

Мөн Путины рэйтинг сүүлийн дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрсэн нь уг шийдвэртэй холбоотой.

Гэхдээ өчигдөр тэр анх танилцуулж байсан хувилбартаа бага зэрэг өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 55-аас 63 болгох гэж байсныг 60 болгон бууруулсныг мэдэгджээ. Путин “манай орон эмэгтэйчүүдэд тусгайлан зөөлөн ханддаг” гэж энэ буултаа тайлбарласан байна.

Харин эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60-аас 65 болгох анхны хувилбарыг хэвээр үлдээсэн байна.

Путин мөн тэтгэврийн насанд ойртож байгаа хүмүүсийн ажлын байрыг хамгаалах, ажлын байранд насаар ялгаварлахыг хориглох хуулиудыг гаргаж, сөрөг үзэгдлийг хязгаарлахаа амлажээ.

Оросын ерөнхийлөгч 2005 онд иргэдийн тэтгэврийн насыг өөрийн бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхгүй гэж амлаж байснаа дурссан байна. Гэвч Сталины үед анх тогтоож байсан тэтгэврийн насыг өөрчлөхгүй бол хүн ам зүйн ноцтой асуудал үүсэхээр байгаа тул өөр сонголтгүй болсныг учирлан тайлбарлажээ. Оросын харж хандах хүнгүй олон сая иргэн сард дунджаар 13,342 рублийн тэтгэвэр авдаг ба энэ нь тэдний амьжиргааны гол эх үүсвэр болдог.

Засгийн газрын тоо баримтаас харвал энэ оны эхний зургаан сарын байдлаар Оросын хүн ам 164,000-аар буурсан байна. Өнгөрсөн оны мөн үед энэ бууралт 119,000 байсан юм.

Мөн 2044 он гэхэд тэтгэврийн насны иргэдийн тоо хөдөлмөрийн насны иргэдийн тоотой тэнцэх тооцооллыг засгийн газар хийжээ. Ингэвэл улсын төсөвт том ачаалал бий болох юм.

Өчигдөр хэлэхдээ Путин хэрвээ энэ шинэчлэлийг хийж чадахгүй бол иргэдийн амьдрал ядуурч, эдийн засаг гүн хямралд орон, цаашлаад улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангаж дийлэхгүй болно гэж анхааруулсан байна.

Засгийн газрын энэ төлөвлөгөө Оросын иргэдийг айлгаж байгаа. Учир нь тэдний ихэнх нь тэтгэвэрт гарах наснаасаа өмнө хорвоог орхих магадлалтай юм.

Орост хүн амын дундаж наслалт бага, ялангуяа эрчүүдийн хувьд 66 байгаа нь Европын дундаж болох 79-өөс хамаагүй бага байна.

Гэвч ийм хэцүү шийдвэр гаргаж, золиос бий болгохгүйгээр ирээдүй үеийнхээ сайн сайхан байдлыг хангах боломжгүй гэдгийг Путин хэлжээ. 

“Эрх баригчдын хувьд хийж чадах хамгийн амархан зүйл бол ямар ч өөрчлөлт хийлгүй хойш суух” гэж тэр эцэст нь хэлсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian