Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батсайхан: Хүүг урьдчилан суутгасан банкуудад хуулийн дагуу арга хэмжээ авна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төв банкны тухай хуулийн 5.7-д Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай шинэ заалт орсонтой холбоотойгоор Монголбанк “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг өнгөрсөн долоодугаар сарын 23-нд батлан, мөрдүүлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн

Шинээр хэрэгжүүлж байгаа энэхүү журам нь иргэдийн эрх ашгийг хамгаалж, бодит мэдээллээр хангах зорилготой бөгөөд зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглосон заалт нь иргэдийн анхаарлыг татаж буй. Гэвч энэ заалтыг банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар гомдол гарсаар байгаа билээ. Энэ талаар Монголбанкны Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд заасны дагуу банкууд хүүг урьдчилж авахыг хориглосон байгаа. Мөн арилжааны банкууд харилцагчдадаа нийт өртгийг шингээсэн зээлийн бодит хүүг мэдээлэх үүрэг хүлээсэн байгаа. Энэ дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тодорхой арга хэмжээнүүдийг Монголбанкны зүгээс авч, журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гээд иргэдэд олгосон зээлийн хүүг урьдчилан авсан байвал журамд заасанчлан хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна. 

Журам хэрэгжиж эхэлсэн долоодугаар сарын 23-наас хойш зээл авахдаа хүүгээ урьдчилан суутгуулсан нь тогтоогдвол арилжааны банкинд арга хэмжээ авч, иргэдийг хохиролгүй болгох ажээ. Иймд энэ талаарх гомдлоо шийдвэрлүүлж чадаагүй иргэд Монголбанкинд хандах боломжтойг албаны хүмүүс хэлж байна.  

Журмыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.