Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.7, худалдааны салбарын борлуулалт 1.3 их наяд төгрөгөөр өсжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар  буюу 1.7 их наяд төгрөгөөр өссөн бол худалдааны салбарын нийт борлуулалт эхний хагас жилд 7.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар буюу 1.3 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Үүнд нүүрс олборлолт 53.8 хувиар, металлын хүдэр олборлолт 11 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн сард 174.7 болж өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар, өмнөх оны эцсээс 14.7 хувиар, зургаадугаар сараас 2.9 хувиар тус тус өссөн байна.

Мөн уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт өнгөрсөн сард зэсийн баяжмал, цайрын баяжмал, алт, хайлуур жонш, буталмал чулуу зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 1.3-59.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт вакум цонх, хаалга, шар айраг, архи, малын тэжээл, банш бууз хиаман төрлийн бүтээгдэхүүн, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, зүсмэл материал зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.2- 56.2 хувиар өсжээ. Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, молибдений баяжмал, газрын том, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт 3.8-15.6 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, барилгын модон хаалга, цонх, адууны мах зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.7-95.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний долоон сард 10 их наяд хүрч, 7.1 их наяд төгрөг буюу 70.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 83.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагын 32.5 мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага юм.

Худалдааны салбарын нийт борлуулалт эхний хагас жилд 7.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар буюу 1.3 их наяд төгрөгөөр өссөн бол өнгөрсөн сарын байдлаар оны мөн үеэс жижиглэн худалдааны борлуулалт 19.2 хувиар буюу 574.6 тэрбум төгрөгөөр, бөөний худалдааных 22.2 хувиар буюу 762.2 тэрбум төгрөгөөр өсжээ.

Худалдааны салбарын борлуулалт 91.1 хувь нь Улаанбаатар хотод ногдож байгаа бөгөөд нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс бүх аймаг, нийслэлд 4.7 хувиас 70.4 хувь болтлоо өссөн байна.