Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдрэлийн өвчнөөс болж хөдөлмөрийн чадвар алдалт жил бүр нэмэгдэж байна

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаар байранд мэдрэлийн тогтолцооны өвчин ордог байна. Мэдрэлийн тогтолцооны эмгэгийн нийт өвчлөлд эзлэх хувь 2013 онд 6.8 хувьтай байсан бол 2017 онд 7.6 хувь болж өссөн гэсэн тооцоо бий. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны тайлангаар дунд орлоготой улс оронд мэдрэлийн тогтолцооны эмгэгийн эзлэх хувь нь 6.7%-8.7% хооронд хэлбэлздэг гэсэн судалгаа мөн гарчээ.

Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн 2017 оны тайлангаар манай улсад нийт 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бол үүний 67.4 хувь нь хөдөө орон нутагт байна. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 75.1 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байдаг ажээ. Зөвхөн 2017 онд л гэхэд шинээр илэрсэн хөгжлийн бэрхшээлтэй 15,216 иргэн бүртгэгдсэн, үүний 62.3 хувь нь ердийн өвчний шалтгаантайгаар илэрсэн байна. 

2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн дотор мэдрэлийн тогтолцооны эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 13 хувь байсан бол 2016 онд 16.1 хувь болж өссөн гэсэн тооцоо гарчээ. Иймд мэдрэлийн өвчний тархалт болон мэдрэлийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадварын алдалт жил бүр нэмэгдэж байгаа нь тархи судасны өвчин, вирусийн халдвар, осол гэмтэл, нийгмийн, ажлын байрны болон ахуйн гаралтай стресстэй холбоотой байна. Үүнтэй холбогдон манай улсад анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сэргээн засахын үйлчилгээ дутмаг, хөгжлийн бэрхшээлтэй болон мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй болсон иргэдэд хүрэх эмнэлгийн үйлчилгээ дутмаг мөн алслагдмал орон нутагт хүртээмж бага байдаг тул цаашид мэдрэлийн сэргээн засахын үйлчилгээг бүсчлэн хөгжүүлж, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлдэн чадавхжуулах шаардлага гараад байгаа юм.

Дээрх шалтгаанаар Монголын Мэдрэлийн Сэргээн Засах Үндэсний Нийгэмлэг нь ЭМЯ-тай хамтран мэдрэлийн сэргээн засахын салбарыг хөгжүүлж, эмч ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлж мөн иргэдийн мэдрэлийн тогтолцооны өвчлөлийг бууруулж, ирээдүйд урьдчилан сэргийлж ажиллах зорилгоор Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын олон улсын хурлыг энэ сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус хуралд олон улсын эрдэмтэн эмч, судлаач нар болон Дэлхийн Мэдрэлийн Сэргээн Засахын Холбооны Ерөнхийлөгч Леонард С.В Ли, Ази-Номхон Далайн орнуудын Мэдрэлийн Сэргээн Засахын Нийгэмлэгийн Тэргүүн Паик Нам-Жон нар оролцох юм байна.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Монголын Сэргээн Засах Үндэсний Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа "Энэхүү хуралд хэлэлцэх нэг чухал асуудлын нэг бол харвалтын дараах сэргээн засах эмчилгээ юм. Учир нь жил ирэх тусам манай улсын иргэдийн дунд харвалтын тоо өсч, насжилт улам залуужсаар байна. Харвалт өгсөн хүмүүсийн 1/3 нь нас барж, 1/3 нь хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тийм учраас сэргээн засах үйлчилгээг бид шат шатанд нь үзүүлж, энэ салбарын мэргэжилтэн, хүний нөөцийг бусад улс орны туршлагаас суралцуулж, бэлтгэх шаардлагатай нүүр тулаад байна" гэв.

Мөн манай улсад одоогоор олон улсын шаардлага хангасан мэдрэл сэргээн засах эмнэлэг огт байхгүй мөн улсын хэмжээнд тус салбарт одоогоор нийт 400 гаруй хүн ажилладаг нь дутмаг юм.

Зураг
13 | 16 | 17 цаг