Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ажил дээрээ зүүрмэглэж буй хүмүүст зориулсан Япончуудын шинэ технологи

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS

Япон хэлэнд олон нийтийн газар, ажил, эсвэл сургууль дээрээ зүүрмэглэхийг тодорхойлсон “Инемури” гэх үг байдаг. Тэгвэл техник технологийн өндөр хөгжил, шинэ нээлтээр дүүрэн Япон улс үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой бүтээл гаргасан байна.

Япон улсад тасалгааны агааржуулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг хоёр томоохон компани болох Daikin болон NEC нар хамтран, ажил дээрээ зүүрмэглэж буй хүмүүсийг сэрээдэг өрөөний агааржуулагч зохион бүтээжээ. 

Тэд нэгэн байгууллага дээр туршилт болгон ажилчдын нүдний хөдөлгөөнийг хянах камерыг компьютер дээр нь суурилуулсан байна. Уг камер тухайн ажилчны нүдний хөдөлгөөн удааширч, зүүрмэглэх шинжтэй болохыг мэдэрснээр систем өрөөний температурыг багасгаж, сэрүүн болгодог ажээ.

Зохион бүтээгчид хүний илүү сэргэг, үр бүтээлтэй ажилладаг нөхцөлийг олохын тулд дараах туршилтыг хийсэн байна. Ажилчдыг бага болон өндөр температуртай, харанхуй болон илүү гэрэлтэй, мөн хурц үнэртүүлэгч цацсан гэх мэт олон янзын өрөөнд энгийн математикийн тоо бодуулж ажигласны эцэст сэрүүн нөхцөл нь хамгийн үр дүнтэй болохыг тодорхойлжээ. Энэхүү системийг 2020 он гэхэд Японы ихэнх албан байгууллагад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

 
Table: Statista.com

Мөн Японы хөдөлмөрийн хуулиар хүн өдөрт найм, долоо хоногт 40 цагийн ажил эрхлэх тухай заасан байдаг. Гэвч Японы ихэнх компани, албан байгууллага үүнээс илүү цагаар ажиллуулах хандлагатай байдаг байна. Судалгаагаар 2016 онд л гэхэд Япон улсын бүтэн цагийн ажил эрхлэгчдийн 7.7% нь долоо хоног бүр 60 болон түүнээс дээш цаг ажилласан тухай мэдээлжээ. Энэ нь тэднийг ажил дээрээ зүүрмэглэх явдлыг ихэсгэдэг нэг хүчин зүйл болж байгаа юм.

 

Эх сурвалж: weforum.org