Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Чинээлэг эцэг, эх болон ухаалаг хүүхдүүдийн мөрдөх дүрэм

ikon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шилдэг борлуулалттай номын жагсаалтад 179 долоо хоногийн турш дараалан тэргүүлж, дэлхий дахинд 10 гаруй хэл дээр гарсан “Саятан хөрш” номоос уншигч танд энэхүү зааварчилгааг хүргэж байна. Монгол хэлнээ гараад удаагүй байгаа энэхүү бүтээл хувь хүний санхүүгийн сахилга бат,  арвич хямгач байдлыг сайжруулах, улмаар энэ төрлийн боловсролыг олгоход үндсэндээ чиглэсэн. Удаан хугацааны турш хийгдсэн судалгааны үр дүнд түшиглэн бичсэн “Саятан хөрш” нь үнэ цэнэтэй баялаг мэдээллийг агуулжээ. Үүний зах зухаас хуваалцъя. 

Хүүхдүүддээ чинээлэг гэдгээ хэзээ ч битгий хэл 

Амьдралдаа бага хэмжээний хуримтлал үүсгэсэн хүмүүсийн насанд хүрсэн хүүхдүүд хөрөнгө хуримтлуулахаас илүүтэй өндөр орлого олоход анхаардаг. Үүний үндсэн шалтгааны нэг нь тэднийг хүүхэд байхад эцэг, эх нь чинээлэг гэж өөрсдийгөө байнга хэлж байсанд оршино. Энэ үзэгдэл өнөөгийн Америкт хүртэл өргөн тархсан бөгөөд зиндаархсан буюу хэт үрэлгэн амьдралын хэв маягаар тэд амьдарч ирсэн. Ийм хүмүүсийн хүүхдүүд эцэг, эхээ дуурайх гэж оролдох нь ойлгомжтой. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Та хэдий их хөрөнгөтэй байсан ч хүүхдүүддээ зарчим, хэмнэлтийг зааж өг

Товчхон хэлэхэд, хүүхдүүддээ өөрсдөө үлгэр дуурайл үзүүлж амьдар, ингэж хэвш. Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ амьдралын зарчим, хэмнэлттэй хэв маягаар тодорхойлогдох амьдралыг харж өснө. Энэ нь мянга хэлэхээс илүү үр дүнтэй арга. Үг, үйлдэл зөрөх байдлыг хүүхдүүд маш гярхай олж хардаг юм. Хүүхдүүдэд зарчим, дүрэм хэрэгтэй. Өөрийн үйлдэлдээ эзэн болохыг тэдэнд зааж өгөх ёстой. Эндээс л арвич хямгач байдал үүснэ. 

Хоосон үг болж үлддэг дүрмээс илүүтэй бүхнийг үйлдлээрээ харуулах нь чухал. Амьдрал бол хатуу. Өөрийгөө бүү өрөвд. Гутлынхаа ар дээр битгий гишгэ. Бүх зүйлийг гамнаж бай учир нь дараа нь чамд хэрэг болж мэднэ. Өөрөөр хэлбэл, өөрт байгаа зүйлсээ буруу ашиглах хэрэггүй. Алсдаа чамд хэрэг болно. Хаалгаа хаа. Гэрийн дулаанаа алдаж эцэг, эхийнхээ мөнгийг дэмий үрэх хэрэггүй. Бүх зүйлийг байсан газар нь буцааж тавь. Мөнгөтэй бай. Тусламж хэрэгтэй хүмүүст гуйхаас нь өмнө “туслая” гэж хэл.

Хүүхдүүд тань ажил амьдралаа авч явж чадахуйц болтол тэдэнд өөрийгөө чинээлэг гэдгийг бүү мэдэгд 

Бэлэн мөнгө өгөх нь, ялангуяа залуу хүүхдүүдэд маш их сонголт гаргаж өгдөг. Гэхдээ хэрэглээнд хэт өндөр ач холбогдол өгч, үүнийг дэмжих нь сөрөг тал ихтэй. Зөвхөн үүний төлөө бэлэн мөнгө өгөх нь үр дүнтэй шийдэл биш юм. Хэрэв томоохон худалдан авалт хийж гэж байгаа бол түүнийхээ үнийн багагүй хэсгийг өөрөө олох хэрэгтэй гэдгийг хүүхэддээ хэлж байх нь чухал. Тэгвэл илүү үнэ цэнэтэй, амьдралд хандах хандлага ч тэр хэрээр өөрчлөгдөнө. 

Хүүхэд, ач зээ нартайгаа бэлэг болон өв хөрөнгийн талаар бүү ярилц

Чи тэр зуслангийн байшинг аваарай, тэр мөнгөн эдлэлийг ав гэх мэт иймэрхүү яриа, амлалтыг ялангуяа олуулаа сууж байх үед, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүү хэлээрэй. Бас ингэж бүү өгөөрэй. Та хэн юу авна гэж хэлснийг хялбархан мартаж, эсвэл хооронд нь хольж болох ч, хүүхдүүд харин мартахгүй. Тэд таныг юу амласнаа өгөхийг шаардах болно. Худал амлалт өгөх нь маргаан, зөрчилд хүргэх нь  олон. 

 

Насанд хүрсэн хүүхдүүтэйгээ ярилцах стратегийн нэг хэсэг болгож мөнгө, томоохон үнийн дүнтэй бэлэг бүү өг

Хүүхдүүддээ хайртайн төлөө, үүрэг хариуцлага учраас эсвэл өгөөмөр сэтгэлийн үүднээс бэлэг өгч болно. Гэхдээ насанд хүрсэн хүүхдүүд эцэг, эх нь маш их шахалт үзүүлж хэлэлцээр хийх тохиолдолд тэднийг хайрлах, хүндэтгэхээ болих нь түгээмэл. Энэ төрлийн албадлагыг хүүхдүүдтэйгээ ярилцахдаа эцэг, эхчүүд их ашигладаг. Тиймээс үүнээс болгоомжил. 

Эцэг, эхийгээ шахаж, шаардаж бэлэг, шан харамж авах байдалд хүүхдээ бүү сурга. Тэдэнтэй тохиролцох гэж бүү шамд. Ялангуяа нас ойролцоо хүүхдүүдийн дунд энэ байдлаас болж өрсөлдөөн үүсэх, тэд ч хоорондоо зөрчилдөх шалтгаан эндээс эхтэй байдаг. 

Насанд хүрсэн хүүхдийнхээ гэр бүлийн амьдралд бүү оролц

Эцэг, эхчүүд та бүхний амьдралыг үзэх үзэл танай насанд хүрсэн хүү, охин, эсвэл танай хүргэн, бэрийн үзэл бодолтой эрс зөрчилдөж болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Насанд хүрсэн хүүхдүүд эцэг, эхчүүд нь амьдралд нь хөндлөнгөөс оролцоход дургүй байдаг. Тэдэнд өөрийнхөө амьдралаар амьдрах боломжийг олго. Зөвлөгөө өгөхөөсөө өмнө ч зөвшөөрөл ав. Хүүхдүүддээ томоохон хэмжээний бэлэг өгөхөөр төлөвлөгөө боловсруулж байхдаа ч зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэднийг сонс, мэдэр. 

Хүүхдүүдтэйгээ өрсөлдөх гэж бүү оролд

Хэр их мөнгө хуримтлуулж чадсанаараа хэзээ ч бүү онгир. Энэ нь маш ойлгомжгүй сэтгэгдэл төрүүлдэг. Хүүхдүүд энэ тал дээр эцэг, эхтэйгээ өрсөлдөж чадахгүй байх нь их бөгөөд өрсөлдөхийг ч хүсдэггүй. Та амжилтаараа онгирох шаардлагагүй. Таныг ямар амжилтад хүрснийг хүүхдүүд тань ойлгохуйц хангалттай ухаантай хүмүүс. “Би чиний насан дээр байхад аль хэдийнэ ... ... –тай болчихсон байлаа” гэж хэзээ ч яриа бүү эхлүүл. 

Чинээлэг хүмүүсийн амжилттай яваа, амбийцлаг олон хүүхдийн хувьд мөнгө хуримтлуулах хамгийн гол зорилго нь биш байдаг. Харин тэд сайн боловсрол эзэмшихийг, эргэн тойрныхноороо хүндлүүлэхийг, нийгмийн өндөр байр суурь олж авахыг хүсдэг. Эдгээр хүүхдүүд ажил мэргэжил хоорондын орлого, хөрөнгийн зөрүүг эцэг, эх шигээ чухалчилж авч үздэггүй. Бодит байдалд чинээлэг хүмүүсийн хүүхдүүд бизнес эрхлэгч болдоггүй аж. Тэдний хувьд мөнгө зорилго, амжилтын дараа хоёрдугаарт, эсвэл гуравдугаарт эрэмбэлэгддэг байна.

Таны хүүхэд хувь хүмүүс гэдгийг үргэлж санаж яв

Тэдний зорилго, тэмүүлэл нь бусдаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрсдийн үзэл бодлоо бүү тулга. Хэдий санхүүгийн хувьд үр хүүхэд тань аав, ээжээсээ хараат боловч тэд хувь хүмүүс гэдгийг үргэлж санаж яв. Амжилт муутай яваа хүүхдүүддээ тэтгэмж өгөх нь хөрөнгийн ялгааг бууруулах биш харин ч ихэсгэх хандлагатай байдаг. Улмаар амжилттай яваа ах, эгч, дүү нар нь иймэрхүү бэлэг өгөхийг эсэргүүцэж болох тул хүүхдүүд дунд үл ойлголцол, зөрчил үүсгэж болох юм. Тиймээс үүнээс сэргийл. 

Хүүхдийнхээ гаргасан амжилтыг бага байсан ч үнэлж сур. Харин тэдний эсвэл өөрийн амжилтаа бүү товойлго

Хүүхдүүдээ зөвхөн хэрэглэхийг биш, зорилгоо биелүүлдэг байхыг заа. Хэрэглээг нэмэгдүүлэхийн төлөө орлого олох бол хэн нэгний туйлын зорилго байх учиргүй. Хийж байгаа ажилдаа шилдэг нь байхын төлөө үргэлж тэмцэх чадвар сурга. Гэхдээ мөнгө хөөх хэрэггүй. Хэрэв салбартаа хамгийн шилдэг нь байж чадвал мөнгө өөрөө ирнэ. Амжилт гаргахад бүх анхаарлаа хандуулахад суралц. Мөнгө хэр их олдог байсан ч түүнийг үр ашиггүй үрэх ёсгүй. Үүнийг заавал хэлж, хэвшүүл. Хүмүүс амьдралаа авч явахын тулд ямар их хичээж ажиллах ёстой болдгийг, зөвхөн амьдралаа залгуулахын тулд хамгийн бага цалингаар ямар урт хугацаагаар ажилладаг гэдгийг таниул. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхдүүддээ мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл олон байгаа гэж хэлж бай

Эрүүл мэнд, аз жаргалтай амьдрал, хайртай гэр бүл, өөртөө итгэх итгэл, сайн найз, нэр хүнд, хүндлэл, шударга зан, үнэнч байдал, амжилт гаргасан түүх. Эдгээрээс танд тав нь байвал өөрийгөө баян хүнд тооц. Мөнгө бол амьдралд чимэг нэмэх төдий зүйл. Тиймээс бусдыг хуурах, бусдаас хулгайлах ямар ч шаардлага байхгүй. Мөн хууль зөрчих хэрэггүй. Татвараа нуух ч шаардлага байхгүй. Хүмүүсийг шулж ашиг олно гэвэл бизнесийн ертөнцөд хэзээ ч мөрөө үлдээхгүй. Амьдрал урт. 

Амьдралд тохиолдох саад тотгор, бэрхшээлээс чи нуугдаж чадахгүй. Чи хүүхдүүдээ амьдралын сайн, саар бүхнээс харамлаж чадахгүй. Амжилтад хүрсэн хүмүүс хүүхэд байхаасаа л саад тотгортой нүүр тулж, тэдгээрийг даван туулж ирсэн хүмүүс байдаг. Тэднийг хүндрэл, саад бэрхшээлтэй нүүр тулахад нь хэн ч, хэзээ ч саад болж байгаагүй. Харин бусдын хамгаалалтад амьдарч байгаа хүмүүс өөрсдийгөө хуурч байна гэсэн үг. 

 

Б.Мөнх-Эрдэнэ