Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд төрүүлсэн Шинэ Зеландын Ерөнхий сайд өнөөдөр ажилдаа оржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнуудын удирдагчдаас алба хаших хугацаандаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь хүн болсон Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн өнөөдөр ажилдаа оржээ.

Түүнээс өмнө 1990 онд Пакистаны ерөнхий сайд Беназир Бхутто охиноо төрүүлж байсан юм. Одоо 38 настай Ардерн зургаадугаар сарын 21-нд мөн охин төрүүлж, зургаан долоо хоногийн хугацаатай амралт авсан.

Өнөөдрөөс эхлэн Ерөнхий сайдын найз залуу, TV шоуны хөтлөгч Кларк Гэйфорд гэртээ сууж, хүүхдээ асрах юм байна.

Ардерн удахгүй парламентын чуулганд охинтойгоо сууж, шаардлагатай бол хөхүүлнэ гэдгээ орон нутгийн хэвлэлд ярьжээ. Үүнийгээ тэр Шинэ Зеландын эх, хүүхдийн асуудалд улстөрчдийн анхаарлыг хандуулах зорилготой гэж тайлбарласан байна.

Мөн есдүгээр сард Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхиий ассемблейн чуулганд охинтойгоо хамт оролцох төлөвлөгөөтэй гэжээ.

Түүнийг эзгүйд Шадар сайд Уинстон Питерс Засгийн газрыг толгойлж байв.

72 настай Питерс богино хугацаанд Засгийн газрыг удирдахдаа хэд хэдэн дуулиантай мэдэгдэл хийгээд амжсан юм. Тухайлбал, тэр Шинэ Зеландыг Австралийн далбааг хуулсан гэж шүүмжлээд шинэ далбааны загвар гаргахыг уриалсан бол радиод ярихдаа Шинэ Зеландын нийгэмд олон янзын соёл зэрэгцэн оршихыг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

Тэр бас парламентын чуулган дээр мэтгэлцэхдээ нэгэн улстөрчийг тарган бүдүүнээр нь дуудаж, доромжилсон байна.

Жасинда Ардерн өнгөрсөн оны аравдугаар сард жирэмсэн болсноо анх мэдэгдсэн нь түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд томилогдохоос зургаа хоногийн өмнө болсон хэрэг байв.

 

Эх сурвалж: Business Insider

 

Зураг
13 | 18 | 18 цаг