Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Даншиг наадмыг Манжийн үеийн баяр ёслол гэж буруу ойлгоод байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран "Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин соёлын наадмыг ирэх амралтын өдрүүдэд Хүй долоон худагт дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

"Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин, соёлын наадмын хүрээнд нийт 297 сая төгрөг зарцуулагдаж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-аас болон Гадантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Даншиг наадмыг Манжийн үеийн баяр ёслол гэж буруу ойлгоод байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун "1639 онд Өндөр гэгээн Занабазарыг, Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөхөд анх Даншиг өргөх ёслол болж байсан түүхтэй. Энэ цагаас хойш Даншиг наадмыг хийх болсон.

1630-аад оны үеэс Монголын сүүлчийн хаан таалал төгссөнөөс хойш Богдууд хааныг орлож, монголчуудын оюун сэтгэлгээг зангидаж байсан. Хүмүүс Манжийн үеийн баяр ёслол гэх мэтээр буруу ойлгоод байна. Даншиг наадам Манж Чин улстай ямар ч холбоогүй. Харин монголчуудын соёлыг тээж, үргэлжлүүлж ирснээс гадна монголчуудын нэгдлийг зангидсан хамгийн том баяр, ёслолын арга хэмжээ байсан гэдгийг санах хэрэгтэй. Уг наадам байсан учраас л Монгол Улс бусдын эрхшээлд 200 жил болохдоо тодорхой хэмжээнд нэгдэн нийлж, уламжлалаа тээсээр ирсэн" гэв.

"Цам нь шашны зан үйл боловч нөгөө талаасаа Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж"

 
Гэрэл зургийг mpa.mn

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц "2015 оноос хойш Хүрээ цам-Даншиг наадмыг хийгээд гурван жил болж байна. Наадмын Цамын үйл ажиллагаа нь шашны зан үйл дотроо хамгийн том нь. Үүнд бэлтгэхийн тулд хоёр сарын хугацаа зарцуулдаг. Мөн Цамын хурлыг хийхээс өмнө долоон өдрийн бясалгал хийж, дараа нь Цамын хурлыг зургаан өдрийн турш явуулдаг. 

Бид Цамыг гаргахдаа 1911 оны тусгаар тогтнолын үеийн буюу наймдугаар Богдын үзлийг баримталдаг. Хүй долоон худгийг наадмын талбай болгож, хуучны уламжлалт олон төрлийн зүйлийг хийнэ. Энэ нь нэг талдаа шашны зан үйл боловч нөгөө талаасаа Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх том боломж юм. Цамын ёслолд хүн бүхний сайн сайхны төлөө залбирч, мөргөдөг учраас сүсэгтэн олон маань тэрхүү үйл ажиллагаанд оролцоорой" хэмээн хэллээ.

Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчилнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Баясгалан "Даншиг наадам нь 2016-2020 онд Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, санхүүгийн томоохон төв болгох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон арга хэмжээ юм. Жил бүр жуулчдын тоо нэмэгддэг. 

Мөн манай хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн тоонд ордог. Маш богино хугацаанд таатай уур амьсгалтай байдаг учир энэ үеэр манайхыг зорин ирсэн жуулчид болон дотоодын иргэддээ зориулсан арга хэмжээнүүдийг хийх нь зүйтэй. 

Даншиг наадмын хүрээнд Таван шараас Хүй долоон худаг руу нийтийн тээвэр явж үйлчилнэ. Иргэд та бүхэн нийтийн тээврийг ашиглаж, наадмын арга хэмжээнд оролцох боломжтой" гэв.