Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батсүх: Даншиг наадам гаргасан зардлаа нөхөж чаддаг

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмыг уламжлал ёсоор дөрөв дэх жилдээ наймдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. 

Даншиг наадмыг Нийслэлийн ЗДТГ, МБШТөв Гандантэгчэнлин хийдээс хамтран зохион байгуулдаг. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Даншиг наадмыг зохион байгуулах үндсэн шалтгаан бол Монголчууд өөрсдийн түүх соёл, шавхагдашгүй өвийг хадгалах, түүнийгээ өвлүүлэх, нийтэд таниулах юм. Мөн нийслэлд гадны жуулчид, судлаачид их ирдэг болсон болохоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар зайлшгүй зохион байгуулах хэрэгтэй. 

Наадмын үеэр наймдугаар сарын 2-6-нд Гандантэгчэнлин хийдэд Жахар цамын хурал болно" хэмээн ярилаа.

Энэ жилийн наадам нь өмнөх жилүүдийн адил зохион байгуулагдах ба мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурханы их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүд, Монголын соёлын өвийн үзвэрүүдийг нэг дор үзэх боломжтой аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Наадмыг үзэхээр ирэх жуулчдын тоо өссөөр байгаа. Өнгөрсөн жил гэхэд зохион байгуулалтын зардал 200 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд Даншиг наадмыг жуулчид ихээр үзэж сонирхдог учраас гаргасан зардлаа нөхдөг. Аялал жуулчлалаар зардлаа нөхөж чаддаг гэж ойлгож болно.

Наадмын гол хэсэг болох Хүрээ цам нь дэлхий нийтэд ховордоод байгаа зан үйл. Монголын ард түмний үндэсний урлаг соёлын томоохон хэсэг болж хэдэн зуун жилийн турш хөгжсөөр өнөөг хүртэл уламжлагдан ирсэн гайхамшигт өв” хэмээн тодотголоо.