Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЭМҮТ-ийн Нярайн мэс заслын дараах тасгийг 120 сая төгрөгөөр бүрэн засаж, тохижуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нярайн эндэгдлийг бууруулах зорилготой “SAVE LIFE” төслийн III шатны нээлт өнөөдөр ЭХЭМҮТ-д боллоо. “JCI Монгол” байгууллагын санаачилгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран хэрэгжүүлдэг “SAVE LIFE” төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, их засвар хийн, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилтын ажлыг 120 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. 

 

Энэхүү төслийг хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ өгсөөр иржээ. Үүнээс дурдвал: 

“SAVE LIFE” төслийн I шатны үр дүн: 

2016 оны байдлаар энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нярайн эндэгдэл түүхэндээ анх удаа 19.1%-иас 5.6% хүртэл буурсан байна.
1987 оноос хойш засвар хийгдээгүй байсан ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг 2015 онд суурилуулсан. Үүний үр дүнд Монгол Улсын хэмжээнд жилд 15 дутуу нярай хүлээн авах хүчин чадалтай байсан уг тасаг 80 дутуу нярайг хүлээн авах боломжтой болсон байна. 

 

“SAVE LIFE” төслийн II шатны үр дүн: 

2017 онд Мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувь байснаас 10 хувиар нэмэгдэж, 82.2% болсон. Нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлаж, тусгайлсан мэс заслын өрөөг бий болгосон. 2017 оны эцсийн байдлаар 200 гаруй нярайд зориулалтын орчинд, зориулалтын тоног төхөөрөмжөөр мэс заслууд хийсэн. 

Энэ хугацаанд хийгдсэн хагалгааны мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувь байснаас 10 хувиар нэмэгдэж 82.2% болсон нь мэс заслын эрсдэлийг бууруулж чадсаныг илтгэнэ. Төслийн үр дүнд өнгөрсөн онд 20 гаруй хүүхдийн алтан амийг нэмж аварч чаджээ. 

“SAVE LIFE” төслийн III шатны үйл явц: 

2018 онд “SAVE LIFE” төслийн III шатанд ЭХЭМҮТ-ийн Нярайн мэс заслын дараах тасгийг олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц их засварын ажил хийж, тоног төхөөрөмжөөр тохижуулах зорилт тавин ажиллаа.

Энэ онд хэрэгжүүлсэн төсөлд олон хувь хүн, байгууллага ивээн тэтгэгчээр хамтран ажилласан бөгөөд “JCI Солонгос” байгууллагаас иж бүрэн хоёр ширхэг инкубаторыг ЭХЭМҮТ-д бэлэг болгон өглөө. 

Манай улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол Улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” тухай Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтдоо тусгасан байдаг. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд “SAVE LIFE” төсөл хувь нэмрээ оруулах зорилготой.