Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

"LEAD Mongolia" ээлжит хөтөлбөр зарлагдлаа

Ч.Болортуяа
2018 оны 8 сарын 1
iKon.MN
 
LEAD Mongolia хөтөлбөрийн сургалтуудаас,

“Өдөр тутам мэргэжлийн ажлаа гүйцэтгэхдээ зөвхөн хамааралтай оролцогч талуудаа тодорхойлоод л үр дүнгийн араас нэхдэг байсан бол энэ удаагийн хөтөлбөр харах өнцгийг маань улам тэллээ. Олон талын оролцоотой, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг улам дэлгэрүүлэн ойлгож авсан. Нийгмийн төрөл бүрийн төлөөллүүдийн нөхцөл байдлыг ойлгож мэдэх, эсвэл өөрийгөө тэдний нөхцөл байдалд тавьж төсөөлж бодох сэдэл өгсөн гэж болно” гэж “LEAD Mongolia 2017” хөтөлбөрийн оролцогч Э.Золзаяа сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. 

LEAD Mongolia хөтөлбөр нь эх орондоо эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй 25-40 насны 30 манлайлагч залуусыг сонгон шалгаруулж Монголын өнцөг булан бүрээс ирсэн зорилго нэгтэй чадварлаг залуустай танилцах, цогц сургалтанд хамрагдан манлайлах чадвараа сайжруулах, харилцан суралцах, нөлөөллийн ажил хийх, иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл дээр ажиллах зэрэг олон боломж олгодог хөтөлбөр юм. 

Тус хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн шалгаруулалт эхлэх гэж байгаа бөгөөд яг энэ өдрүүдэд оролцогчдынхоо өргөдлийг хүлээн авч байгааг дуулгахад таатай байна. Өргөдөл хүлээн авч дуусах хугацаа наймдугаар сарын 19-н хүртэл гэдгийг анхаарна уу. 

Хөтөлбөрийн оролцогчид дараах гурван асуудлыг анхаарч ажилладаг.

Үүнд: 

  1.  Байгаль орчин ба хотжилт, 
  2. Ажилгүйдэл ба ядуурлыг бууруулах, 
  3. Ил тод байдал ба авилгатай тэмцэх асуудлууд багтдаг болно. 

Өнгөрсөн гурван удаагийн групп хөтөлбөрт хамрагдсан 100 гаруй залуус хоёр жил орчмын хугацаанд нийгмийн сайн сайхны төлөөх 11 төрлийн төслийг хамтран хэрэгжүүлж дуусаад байгаа юм. 

Видео: Хөтөлбөр оролцогчид болоод хэрэгжүүлсэн төслийн талаар товч танилцуулга:

Хөтөлбөрт оролцогч залуусын санаачлан, санаа нэгдсэн төслөө хэрэгжүүлэхэд LEAD Mongolia хөтөлбөрийг зохион байгуулагчид бүхий л талаар туслан дэмждэг бөгөөд АНУ болон Монголд энэ чиглэлийн бүхий л шилдэг мэргэжилтнүүдээр сургалт, дадлагын ажил явуулдгаараа төсөл амжилттай хэрэгжих гол суурь болж байна. 

АНУ-д зохиогддог сургалтын талаар оролцогч Л.Хандсүрэн “Сургалтуудад хамрагдсанаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр Монгол болон Америкт хэрэгжиж буй төслүүд, холбогдох байгууллагуудтай танилцах боломж гарсан. Мөн төслийг хэрхэн хөгжүүлэн боловсруулах, хэрхэн хамтарч ажиллах, манлайллыг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр олон төрлийн ур чадвар, мэдлэг олж авсан” гэж байлаа. 

 
LEAD Mongolia хөтөлбөрийн сургалтуудаас,

Мөн “Америк дахь сургалтын үеэр хамгийн гүн сэтгэгдэл төрсөн хичээл бол АНУ-ын улс төр, төрийн захиргааны систем, эрх мэдлийн хуваарилалт, check-in/balance зэрэг ойлголтууд байсан. Улс төрийн системийн хувьд эхнээсээ энэ системийн сууриа зөв байгуулсан нь энэ улс цаашдаа нэгдсэн улс болж, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэсэн төрийг байгуулах үндсэн шалтгаан болсон юм уу. 

 
LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогчид,

Үүнд  нөлөө бүхий улс төрчдийн ажиллаж амьдарч байсан Montpeller, Monticelo зэрэг түүхэн газраар явж танилцсан нь бидний энэ улсын улс төрийн тогтолцоог бүр илүү ойлгоход яахын аргагүй түлхэц өгсөн” гэж “LEAD Mongolia -2017” хөтөлбөрийн оролцогч Э.Бямбасүрэн сэтгэгдлээ хуваалцаж байв. 

 
LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогчид,

LEAD MONGOLIA ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН 11 ТӨСӨЛ

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багуудын хэрэгжүүлсэн 11 төслийг танилцуулбал:

LEAD Mongolia 2017 US хөтөлбөр

1. “ЛИЙД БРИЖ” төсөл: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийн санаачлан хэрэгжүүлсэн ЛИЙД БРИЖ төсөл нь бизнесийн шилдэг санаа, санаачилгыг дэмжин, зорилтот бүлгийн гарааны бизнесүүдийг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай сургалт, мэдээлэл болон шинэ боломжуудаар хангах зорилготой бөгөөд төслийн хүрээнд Улаан Чулуутын хогийн цэгийн дэргэд үйлдвэрлэл явуулдаг “Гүнд” эко буйдан, даавуу урлалын төв, “Солонго” луувангийн хатаамал, “Ханни” зөөлөн тоглоом үйлдвэр зэрэг 3 гарааны бизнесүүд сарын турш хурдасгуур хөтөлбөрт амжилттай хамрагдан бизнесээ хөгжүүлжээ. 
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/leadbridgemgl/ 

2. “БИ+Д: Өөрөөсөө Эхэлье” төсөл: Байгаль орчин, хотжилтын баг “БИ+Д: Өөрөөсөө Эхэлье” санаачилгыг эхлүүлж хотжилтоос үүдэлтэй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бүтээлч зурагт хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх нийгмийн төслийг “Бид Монгол Агуулга” дизайнеруудын нэгдэлтэй хамтран хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд нийт 50 зурагт хуудас бүтээгдсэн байна. 
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/UBGreens/ 

3. “Бизнес эрхлэгч ээжүүд” төсөл: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хоёр дахь баг Увс аймгийн Улаангом сумын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харан орлогогүй суугаа 400 гаруй эмэгтэйчүүд бий гэсэн судалгаанд үндэслэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 15 ээжийг сонгон авч нарийн боовны бизнес эрхлэх боломжоор хангах, түүнтэйгээ уялдуулан хүүхдүүдэд нь зориулсан, тэдний нас бие, хөгжлийн бэрхшээлийг харгалзан үзсэн өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжлийн төв нээх зорилго тавьж төслөө эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ээжүүдэд зориулсан нарийн боовны үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдөр өнжүүлэх 2018 оны намраас ажиллах юм. 

4. “Гэрэл Тусгая- Ил Тод байдал залуусын нүдээр” төсөл: Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах баг “Гэрэл тусгая” видео уралдаан оюутан, залуусын дунд зохион байгуулж үүгээрээ дамжуулан хүүхэд, залуусын дунд ил тод байдал хэмээх ойлголтыг таниулах, нэмэгдүүлэх, мэдээллээр хангах, тэднийг ил тод байхад уриалах зорилготой төсөл нийт 36 бүтээл хүлээн авч шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан ба шилдэг видеонуудаа ашиглан ил тод байдлыг таниулах зорилго бүхий сургалтын материалыг МУ-н бүх ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад бэлтгэн хүргээд байна. Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/gereltusgay/ 

LEAD Mongolia 2017 MN хөтөлбөр 

5. LEAD TALKS төсөл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг (ХБИ) нийгэмд зөвөөр таниулж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь зөвхөн халамж хүртэгч төдий биш ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой хүний нөөцийн нэгээхэн хэсэг төдийгүй татвар төлөгч, ажил олгогч бүхий чадамжтай иргэн болохыг төслийн зорилтот бүлгүүдэд ойлгуулах зорилгоор LEAD TALKS арга хэмжээг ОУ-ын ХБИ-ийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан. Арга хэмжээнд ХБИ-ийн холбоод, байгууллагууд, ажил олгогчид нийлсэн 300 гаруй оролцогч нийт 7 илтгэгчийн урам зориг бүхий түүхүүдийг сонссон ба илтгэгч тус бүрийн илтгэлийг видео болгон орон нутгийн ХБИ-ийн байгууллагууд, Нийгмийн халамжийн хэлтсүүдэд түгээсэн байна. Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/Tandkheregtei/ 

6. Ил тод, эрүүл мэндийн үйлчилгээ төсөл: Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багийн төсөл нь Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн угтах үйлчилгээний цаг олголтын цахим системийг ил тод болгох, үйлчилгээний ил тод байдлыг хэвшүүлэх зорилготой хийгдсэн бөгөөд төслийн хүрээнд үнэлгээний болон цаг олголтын системийг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах болон суурилуулах ажил хийгдсэн. Мөн эмнэлгийн эмч ажилчдад “Ил тод байдлын ач холбогдол”, “Харилцаа, үйлчилгээний соёл”, “Мэдээллийг хэрхэн үр өгөөжтэй түгээх, бүх талын оролцоог хангах” зэрэг сэдэвт сургалтууд орсон байна. 

7. Багачуудын Ногоон Ордон төсөл: Хог хаягдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах 3R (Reduce-Reuse-Recycle) буюу багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах үзэл санааг Улаанбаатар хотын нэг цэцэрлэг, Өвөрхангай болон Булган аймгийн тус бүр нэг цэцэрлэгийг хамруулан тэдгээрт хүмүүжиж буй хүүхдүүд, эцэг эхчүүд, багш ажилчдад мэдлэг ойлголтыг өгөх, ингэснээр хог хаягдлын хэмжээг багасгах, иргэд олон нийтийн ойлголт, ухамсар, оролцооноос хамаарч бууруулах, хог хаягдлыг дахин ашиглах боломжтой эд зүйлс болгох, хэмнэлттэй хэрэглээг төлөвшүүлэхээр зорьсон “Багачуудын Ногоон ордон” төсөл амжилттай хэрэгжиж цэцэрлэг тус бүр ус болон цахилгааны хэрэглээ дээр 40%-ын хэмнэлт гаргаад байна. Мөн цэцэрлэг тус бүр сурсан технологи болон хаягдал материал ашиглан буйдан, хогийн сав, гэрлийн бүрхүүл зэргийг урлан цэцэрлэгээ тохижуулаад байгаа бөгөөд энэхүү үзэл санаа төслийн хугацаа дууссан ч үргэлжилсээр байх нөхцлийг цэцэрлэг тус бүрт бүрдүүлсэн байна. 

LEAD Mongolia 2016 хөтөлбөр 

8. “Ажилд хүрэх зам” төсөл: Нийгэмд буй ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын цаад шалтгаануудыг танин мэдэх, эдгээрийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх "Ажилд хүрэх зам" баримтат киног бүтээж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацах зорилготой төсөл. Баримтат кино нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, хөдөөнөөс малаа алдаад нүүж ирсэн айлын өрлөгчин охин, сонсголын бэрхшээлтэй залуу гэсэн 3 дүрийн ажилтай болж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, үүнд учирч буй саад бэрхшээлүүдийг харуулж, ядуурал, ажилгүйдлийн талаарх хэвшсэн өрөөсгөл ойлголтыг арилгахыг зорьсон бөгөөд үр дүнд сонсголын бэрхшээлтэй залуу “Мөнххада” ХХК-д туслах засварчин болж, өрлөгчин охин маань сэтгүүлч болох мөрөөдөл нь нэг алхамаар ойртон Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургуульд 4 жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болж, харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж өөрийн маникюр салоноо ажиллуухын зэрэгцээ #Tsomkohandmade гар урлалын гоёл чимэглэлээ худалдаалан амжилттай ажиллаж байна. Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/ajildhurehzam/ 

9. “Эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын төсөл”: Төслийн хүрээнд үндсэн хоёр ажил хийгдсэн бөгөөд нэгдүгээрт, гэр хороололд амьдардаг айл өрхүүд өөрсдөө агаарын бохирдлыг бууруулах арга замыг олоход мэргэжлийн дэмжлэг үзүүлж нийт 100 өрхөд 5 төрлийн сургалт хийсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууд байрлах “Шинэлэг” хүүхдийн халамжийн төвийг дулаалах ажлуудыг тус тус хийжээ. 

10. “Хариуцлагатай, Ил тод Сургууль” төсөл: Налайх дүүрэгт (Баян-Өлгий аймгийн дараа орохуйц казах хүй олон байрладаг, хос хэлний боловсрол эзэмших шаардлагатай нийгмийн бүлэг төвлөрсөн) байрлах Голомт цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эх, багш, ажилтнууд, сургуулийн удирдлага нийт 300 орчим хүнийг хамруулан "ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД СУРГУУЛИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ" аргачлал боловсруулж, сургуулиудад түгээн дэлгэрүүлсэн. 

11. “Хариуцлагатай уул уурхайд иргэдийн оролцоо” төсөл: Иргэдэд уул уурхайн байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн талаар ойлголт өгч, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий уг төсөл Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэд, орон нутгийн засаг захиргаа болон тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг” уул уурхайн компанийн төлөөллүүдийг хамруулан сургалт хийж, иргэдэд цаашид хэрхэн засаг захиргаа болон уул уурхайн компанийн үйл ажиллагаанд өөрсдийн оролцоотойгоор санал бодлоо хэлж, хяналт тавьж ажиллах зөвлөмж гаргаж өгсөн. Мөн сумын иргэдэд “Мэдээллийн богц” бэлтгэн тараасан байна. 

Ийнхүү хөтөлбөрт оролцогчид нийгмийн сайн сайхны төлөө олон нийтийн дээрх төслүүдийг хоёр жилийн дотор хийж гүйцэтгээд байна. Хэрэв та ч бас тэдний нэг байж нийгэмдээ илүү сайн сайхныг бүтээхийг хүсвэл LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдаарай. Хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНЭ хуудсаар зочлоорой. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.