Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тажикистаны эрх баригчид жуулчдын эсрэг халдлагад хориглогдсон Исламын намыг буруутгав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Тажикистанд барууны дөрвөн жуулчны амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг аллагад Тажикистаны Исламын Сэргэн Мандалтын Нам хэмээх тус улсад хориглогдсон улс төрийн хүчин буруутай гэж засгийн газар нь өчигдөр мэдэгджээ.

Тэгвэл Исламын намын удирдлагууд үүнийг “үндэслэлгүй гүтгэлэг” гэж эсэргүүцсэн байна. Харин өмнө нь халдлагыг зохион байгуулснаа зарлаж байсан Исламын Улс бүлэглэл өчигдөр үүнийгээ батлах нэгэн видео дүрсийг тараажээ.

Уг дүрсэнд үзүүлснээр халдлагыг үйлдсэн этгээдүүд Исламын Улс бүлэглэлд үнэнчээ илэрхийлж байгаа юм.

Хэрвээ энэ нь батлагдвал Тажикистаны нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэл анх удаа террорист халдлага зохион байгуулсан хэрэг болно гэж шинжээчид үзэж байна.

Халдлагын үеэр дугуйтай аялж явсан АНУ-ын хоёр, Нидерландын нэг, Швейцарийн нэг жуулчин амь үрэгдсэн юм.

Өчигдөр Тажикистаны дотоод хэргийн яам халдлагыг удирдсан 33 настай Хуссайн Абдусамадовыг Иранд бэлтгэгдсэн террорист гээд тэднийг дараа нь Афганистан руу зугтах гэж байсан хэмээн мэдээлжээ.

Мөн түүнийг дээр дурдсан Исламын намын идэвхтэй гишүүн гэсэн юм.

Гэвч 2015 онд Тажикистанд хориглогдсон Исламын Сэргэн Мандалтын Намынхан өөрийг нь “террорист байгууллага” гэсэн ангилалд оруулах оролдлого гэж засгийн газрын мэдэгдлийг шүүмжилсэн байна. Тэд мөн эрх баригчид Исламын Улс бүлэглэлийг яагаад халдлагад буруутгахгүй байгаад гайхаж байгаагаа илэрхийлжээ.

Видео дүрсэнд гарч буй таван этгээд Орос, Араб, Тажик хэлээр өөрсдийгөө Исламын Улс бүлэгт үнэнч гэдгээ илэрхийлж, өөрсдийн эцсийн зорилгыг “газар нутагтаа Аллахын ёс журмыг тогтоох” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty