Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын Онтарио муж дэлхийн хамгийн том “бэлэн мөнгө тараах” туршилтуудын нэгийг зогсоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Канадын хамгийн том муж болох Онтариогийн захирагч тус мужид хэрэгжиж байсан “суурь орлого” (basic income)-ын төслийг зогсоох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Гурван жил үргэлжлэхээр төлөвлөгдсөн уг төслийг мужийн өмнөх захирагч, Либерал намын Кэтлин Уинн санаачилж байв. Саяхан сонгогдсон шинэ захирагч Даг Форд төслийг үргэлжлүүлэхээ сонгуулийн үеэр амлаж байсан ч ийнхүү хугацаанаас нь өмнө зогсоож байна.

Онтариогийн 4,000 орчим иргэн ямар нэг үүрэг хүлээлгүйгээр сар бүр бэлэн мөнгө авдаг байжээ. Жилийн орлого нь 34,000 канад доллар хүрдэггүй иргэд жилд 17,000 хүртэл долларыг зүгээр авч байсан бол жилд 48,000-аас багыг олдог гэр бүлүүд жил бүр 24,000 хүртэл доллар засгийн газраас нэмж авдаг байсан юм.

2017 оны долдугаар сард эхэлсэн төсөлд нийтдээ $50 сая орчмыг зарцуулна гэж тооцож байжээ. Мужийн Хүүхэд, Нийгмийн хамгааллын яамны төлөөлөгч Лиза Мэклеод хэвлэлд ярихдаа уг төслийг хэт өндөр зардалтай, “Онтариогийн айл өрхүүдийн асуудлыг шийдэх гарц биш” гэж шийдвэр гаргасан үндэслэлийг тайлбарласан байна.

Дэлхий даяар иргэдэд амьдралын суурь хэрэгцээг нь хангах бэлэн мөнгийг сар бүр ямар нэг нөхцөлгүйгээр олгодог болох санаа яригдаж, хэд хэдэн оронд туршилт явагдаж байгаа.

Хамгийн томыг нь Африкийн Кени улсад хэрэгжиж байгаа 12 жилийн туршилт гэж үздэг. Финланд улсад ажил эрхэлдэггүй 2,000 хүнийг ийм туршилтад хамруулсан нь саяхан бас зогссон юм.

Уг санааг дэмжигчид хүн баталгаатай суурь орлоготой болсноор өдөр тутмын жижиг асуудалд санаа зоволгүй, улам их бүтээлч, хөдөлмөрч болсноор эдийн засгийн чадавхи дээшилнэ гэж үздэг.

Харин шүүмжлэгчид нь бэлэн орлоготой болсон иргэд улам залхуу болж, бүтээмж нь буурна гэдэг юм.

 

Эх сурвалж: Business Insider