Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын онгоцнууд Владивостокт нэг өдөр дараалан газарджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Хойд Солонгосын таван нисэх онгоц Оросын алс дорнодын Владивосток хотод дараалан газардсан нь маш ховор үзэгдэлд тооцогдож байна.

Хойд Солонгосын Air Koryo компани долоо хоногт хоёр удаа Даваа, Баасан гарагуудад Владивосток чиглэлд нислэг үйлддэг ажээ.

Тэгвэл өнгөрсөн Даваа гарагт тус улсын гурван Илюшин-76 ачааны нисэх онгоц 9:00, 12:30, 16:30 цагуудад дараалан Владивостокт газардсан байна.

Үүнээс гадна зорчигч тээврийн Ил-62, Туполев-154 онгоцнууд 11:00, 16:40 цагуудад мөн газарджээ.

Ачааны хоёр онгоц нь 11:30, 15:00 цагуудад Пёньян руу буцсан бол зорчигч тээврийн нэг онгоц нь 12:30 цагт хөөрсөн байна.

Ил-76 онгоцнуудын нэг нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хуягт лимузиныг тээвэрлэдэг юм байна.

Тиймээс энэхүү ховор үзэгдлийг ажиглагчид Ким Жон Уны ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл байж магадгүй гэж дүгнэжээ.

Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагчийг жил бүрийн есдүгээр сард Владивостокт болдог Алс Дорнодын Эдийн Засгийн Чуулганд урьсан юм. Харин Ким Жон Ун үүнд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байгаа.

Зарим эх сурвалжууд эдгээр онгоцнууд нь хөдөлмөрийн гэрээгээ сунгаж чадаагүй Хойд Солонгосын ажилчдыг нутаг буцаах арга хэмжээ байж магадгүй гэж үзэж байна.

Гэхдээ дээр дурдагдсан Ил-62 нисэх онгоц нь Ким Жон Уны хувийн онгоцонд тооцогддог юм.

 

Эх сурвалж: Korea Times