Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос шинэ пуужин зохион бүтээж байж болзошгүйг АНУ-ын тагнуулынхан мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сар гаруйхны өмнө АНУ, Хойд Солонгосын удирдагчид Сингапурт уулзаж Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгахаар болсныг зарлаж байв.

Үүний дараа Цагаан ордонд буцаж ирсэн Дональд Трамп твиттер хуудсандаа “Хойд Солонгосын цөмийн аюул гэж байхгүй болсон” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэн юм.

Гэвч Хойд Солонгосын дэглэм шинээр пуужин зохион бүтээж байж болзошгүй баримтыг АНУ-ын тагнуулын байгууллагын эх сурвалж өчигдөр мэдээлжээ. The Washington Post сонинд өгүүлснээр Пёньяны ойролцоох пуужингийн үйлдвэрт үйл ажиллагаа идэвхжсэнийг хиймэл дагуулын зурагнаас илрүүлсэн байна.

Хойд Солонгосын анхны тив алгасах баллистик пуужинг үйлдвэрлэж байсан Санумдон дахь байгууламж руу том чингэлэг тээвэрлэсэн ачааны машинууд орж гарах нь нэмэгджээ. Энд үйлдвэрлэсэн Хвасон-15 пуужинг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард туршиж, АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт хүрэх чадалтай баллистик пуужинтай болсноо Хойд Солонгос зарлаж байв.

Тэгвэл энэ сарын 7-нд хиймэл дагуулаас авсан зураг дээр бүхээгтэй ачааны машинууд ямар нэг зүйлийг тээвэрлэж байгаа нь харагджээ. Ийм машинаар Хойд Солонгосын тал өмнө нь тив алгасах баллистик пуужингаа туршилтын талбай руу тээвэрлэж байсан юм.

Өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын тагнуулынхан Хойд Солонгос цөмийн зэвсгийн түлш үйлдвэрлэж байж болзошгүй шинж тэмдгийг илрүүлснээ мэдээлж байв.

Гэсэн хэдий ч Пёньяны дэглэм цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн байгаагаа янз бүрээр илэрхийлсээр байгаа юм. Тэд тавдугаар сард Пунги-Ри дэхь цөмийн зэвсгийн туршилт явуулдаг байгууламжаа олон улсын сэтгүүлчдийн нүдэн дээр устгасан.

Өнгөрсөн долоо хоногт тэд бас Сохэй хиймэл дагуул хөөргөх талбайгаа буулгаж байгаа нь хиймэл дагуулын зурагт буусан юм. Гэвч хөндлөнгийн экспертүүд энэ бүхэн ердөө билэгдлийн чанартай алхмууд, хэрвээ Ким Жон Ун үнэхээр цөмийн зэвсгээс ангижрах хүсэлтэй байгаа бол олон улсын шинжээчдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэх ёстой гэж шүүмжилж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz