Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Танхайрч, хүч далайлгасан этгээдүүдийг сэтгүүлчдээс уучлалт гуйхыг шаардлаа

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, түгээх үйл ажиллагаанд саад хийж, тэдэнд халдаж, бие махбодид нь хохирол учруулсан хэргүүд удаа дараа гарсантай холбогдуулан сэтгүүлчийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тэмцэхээ илэрхийлсэн мэдэгдэл, шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр хүргүүлж байгаа талаар МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг мэдээллээ. 

Мэдэгдэлд дурдсанаар Хавдар судлалын үндэсний төвд болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр үүрэгт ажлаа хийж явсан “UBS” телевизийн зураглаачийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдан танхайраад зогсохгүй тухайн газраас хөөн гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг саатуулсан. Энэ хэргийн дараа зураглаачийг гүтгэж, нэр төрд нь халдаж, хэвлэл мэдээллээр ёс зүйгүй мэдээллийг цацсан зүй бус үйлдэлдээ Т.Гантөмөрийг зураглаач, сэтгүүлчдээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаарджээ. 

Мөн Монгол-Туркийн хамтарсан Эмпати сургуулиудын дэд захирал Вэйсел Акчайг өнгөрсөн Баасан гарагт хулгайлсан гэх үйлдлийг газар дээрээс нь сурвалжилж, ажлаа хийснийх нь төлөө “Ийгл Ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар зодож танхайрсан үйлдэл гаргасан. Сэтгүүлчид халдсан хуулийн ажилтныг олж тогтоон, зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, сэтгүүлч Б.Батцэцэгээс мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх талаар шаардлага хүргүүлсэн байна. 

МСНЭ-ийн Хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Балжмаа МСНЭ энэ онд анх удаа  Хууль, мэргэжлийн ёс зүйн хэлтэстэйгээр ажиллаж эхэлснийг хэлсэн юм. Ингэснээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд МСНЭ-д хандсан тохиолдолд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх боломжтой болж буй аж. 

2018 он гарсаар сэтгүүлчидтэй холбоотой албан ёсны 10 гаруй хэргийн мэдээлэл байгаа бөгөөд үүнээс эрүүгийн хэрэгт холбогдсон нь нэг байгаа хэмээн тэрбээр хэллээ. 
МСНЭ-ийн зүгээс дээрх шаардлагуудыг биелүүлээгүй нөхцөлд нэр бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнуудтай хуулийн дагуу хариуцлага тооцох дараагийн шатны арга хэмжээ авч ажиллана гэв. Улмаар сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.