Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЗ: ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна.

Ингэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэжээ. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлдсөн байна.

Сонгон шалгаруулалтыг цахим систем болон долоон бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд зохион байгуулсан бөгөөд тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэж, эдгээр иргэдээс Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан сонгон шалгаруултын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авчээ.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд томилогдож уг албан тушаалын сул орон тоо гарсан. Тиймээс Засгийн газраас энэ оны 6 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн аж.

 

 

Эх сурвалж: Төрийн Албаны Зөвлөл