Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хөврөл шилжүүлэн суулгах технологи ашиглан ашиг шим сайтай үхрийн 20 тугалыг нэг жилд гаргаж авах боломжтой гэв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Амьтны биотехнологийн профессорын баг, инновацийн төслөөс "Хөврөл шилжүүлэн суулгах технологи-Монголд" нэртэй олон улсын хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хөврөл шилжүүлэн суулгах технологи Монголд нэвтэрснээр ашиг шим сайтай малын тоог өсгөж, нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна.

Энэ талаар ХААИС багш, доктор Г.Энхманлай "Нэг үхрийг зохиомлоор хээлтүүлэхэд ойролцоогоор 50 мянган төгрөг байдаг. Харин хөврөл шилжүүлэн суулгахад 500-800 мянган төгрөгний үнэтэй. Гэвч ач холбогдол хамаагүй өндөр. Өөрөөр хэлбэл зохиомол хээлтүүлгээр 10 жилийн дараа гарах малын ашиг шимийг хоёр жилийн дотор хөврөл шилжүүлэн суулгах технологи ашиглаж бий болгох боломжтой.

Манай улс дэлхийн технологиос 20 жилээр хоцорсон байна. 1990-ээд оноос хойш дэлхийн бусад улс орон хөврөл шилжүүлэн суулгах технологи ашиглаж маш хурдан малаас авах ашиг шимээ өсгөсөн. Харин бид энэ хоцрогдолыг арилгах хэрэгтэй. Одоо Сэлэнгэ аймагт сайн үйлдвэрийн зургаан үнээнээс хөврөл авч, 60  Монгол үнээнд суулгах гээд бэлдсэн байна. Нэг үхрээс нь арван сайн төл гаргаж авна гэж тооцсон. Энэ технологийг ашигласнаар цаашдаа тэр гарч ирсэн 60 тугалаас дахиад 600 тугал ч гаргах боломжтой гэсэн үг" гэлээ.

Жилд нэг үнээнээс нэг л тугал гардаг. Харин хөврөл шилжүүлэн суулгах технологи ашигласнаар /ашиг шим өндөртэй үхрийн үр хөврөлийг өөр төрлийн үнээний саванд суулган/ ашиг шим сайтай үхрийн 20 тугалыг нэг жилийн хугацаанд гаргаж авах боломжтой аж.
 

Энэ талаар БНСУ-ын Хангён үндэсний их сургуулийн профессор Юун Жун Тейкоос тодруулахад "Хөврөл шилжүүлэн суулгах технологи гэдэг нь маш богино хугацаанд ашиг шим өндөртэй төлийг гаргаж авахын тулд ашигладаг хамгийн шилдэг аргуудын нэг юм. Солонгос Улсад зохиомол хээлтүүлэг, ялангуяа хөврөл шилжүүлэн суулгах технологийг маш өргөн ашигладаг.

Зохиомол хээлтүүлгийг зөвхөн ашиг шим өндөртэй эр бухыг ашигладаг бол хөврөл шилжүүлэн суулгах технологи нь хамгийн сайн эр эм малыг хооронд нь хээлтүүлж ашиг шим сайтай үр төл гаргаж авах боломжийг бүрдүүлдэг. Жишээ нь, манай улсад нэг үхрээс  жилийн хугацаанд 18 мянган литр сүү авдаг. Харин ийм хэмжээний ашиг өгдөг нэг үнээнээс хөврөл шилжүүлэн технологи ашиглаж адилхан ашиг шим сайтай 40-50 тугал гаргаж олшруулах боломж бий" гэв.

Манай улсад 1954 оноос эхлээд анх үхэрт зохиомол хээлтүүлэг хийж эхэлжээ. Түүний үр дүнд ашиг шим сайтай хээлтүүлэгч малын үр төлийн тоог богино хугацаанд нэмэгдүүлж байгаа аж. Харин одоо нэвтэрч байгаа технолгийг ашигласнаар сүүний гарц сайтай үнээ, махны гарц сайтай үхэр, ноосны гарч сайтай хонь, ноолуурын гарч сайтай ямааны үр удмыг маш богино хугацаанд олон болгож болох аж.

Уг технологийг хэрхэн ашиглах талаар ХААИС-ийн багш профессор Т.Балдангаас тодруулахад "Тухайн хээлтэгч малд даавар тарьж, өндгөвч дээр нь олон өндгөн эсийг зэрэг ялгаруулж өгнө. Ингэснээр хээлтэгч малын саванд олон хөврөл бий болно гэсэн үг. Дараа нь тэр хөврөлүүдээ тодорхой зориулалтын шингэн зүйлтэй хамт гадагшлуулж ашиг шим багатай боловч эрүүл өөр эм малд  шилжүүлэн суулгаснаар тэр ашиг шим сайтай малын үр төлийг гаргаж авна гэсэн үг.

Өнөөдөр монголын мал сүрэг 66 саяд хүрсэн байна. Цаашдаа малын тоо толгойн энэ тоог тодорхой түвшинд барих, нэг малаас гарах ашиг мишийг нэмэгдүүлэхийн тулд энэ технологийг зайлшгүй ашиглах шаардлагатай. Олон малаас бага ашиг шим авах биш нэг малаас их ашиг шим авах нь чухал" хэмээн хэллээ.

Энэхүү технологийг дэлхий нийтийн хэмжээнд ашиглаж бүх төрлийн амьтныг үржүүлэх боломжтой юм байна.