Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны эхний хагаст 202.7 мянган жуулчин Монголд иржээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 202,700 жуулчин иржээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 12.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооны 2018 оны нийгэм, эдийн засгийн эхний зургаан сарын үзүүлэлтийн тайланд дурдсан байна. 

Манай улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 34.9 мянга буюу 1.2 хувиар буурчээ. Харин гадаадын 238.1 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 21.1 мянга буюу 9.7 хувиар өссөн байна. 

График 1. Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчид. (Улирлаар, мянган хүн)

 
Монгол Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 70.3% нь эрэгтэй, 29.7% нь эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 3.7% нь хүүхэд байжээ.

Гадаадаас ирсэн зорчигчдын 84.2 хувь нь 30 хүртэл хоног, 14.3 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.5 хувь нь 30-90 хоногийн хугацаагаар иржээ. 

Гадаадын зорчигчдын 85.1 хувийг жуулчид эзэлж байна. Харин хилээр орж ирсэн гадаадын бусад иргэдийн хувьд 35.4 мянга буюу 14.9% нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ. 

Жуулчдын хувьд Тайланд, Турк, Индонез, ОХУ, Энэтхэгээс Монгол орныг үзэхээр ирсэн иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс өссөн байгаа бол БНАСАУ, Вьетнамын жуулчдын тоо 50 гаруй хувиар, Малайзынх 23.6, Японы жуулчдын тоо 17.4 хувиар тус тус цөөрсөн үзүүлэлттэй байна. 

График 2. Монгол Улсын хилийн боомтуудаар орсон гадаадын зорчигчид (Бүс нутгаар, жил бүрийн эцсийн байдлаар, дүнд эзлэх хувь) 

 

Бүс нутгийн хувьд авч үзвэл манай улсын хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын 61.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.9 хувь нь Европоос, 4.6 хувь нь Америк тивээс байсан бол 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. 

Харин улсын хувьд хилээр орсон гадаадын зорчигчдыг авч үзвэл:

  • 38.7 хувь нь БНХАУ
  • 24.0 хувь нь ОХУ
  • 11.8 хувь нь БНСУ
  • 3.4 хувь нь АНУ
  • 3.2 хувь нь Япон
  • 2.7 хувь нь Казахстан
  • 16.2 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Харин Монгол Улсаас давхардсан тоогоор 1.2 сая иргэн 2018 оны эхний хагас жилд гадаадад зорсоноос 72.7% нь хувийн журмаар зорчжээ. 

Улсын хилээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 1.3 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.1 мянгаар цөөрсөн аж. Тэдгээрийн 41.1 хувийг ачааны машин, 29.6 хувийг суудлын машин, 27.2 хувийг ачааны вагон, 2.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна.