Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхбаясгалан: Унаач хүүхдүүдийн стандартын иж бүрэн хувцсыг 20,000 төгрөгөөр түрээслэх боломжтой

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 5
iKon.MN

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/873548716164031/

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ даатгалын компаниудтай хамтран ажиллахаар болж, унаач хүүхдүүдэд зориулсан даатгалын шинэ үйлчилгээ гаргахаар болсон талаар өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдээллээ. 

Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Харин ийнхүү хамтран ажиллах гэрээ байгуулснаар даатгалын бүтэн жилийн хураамж 100,000 төгрөг болж, нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг болон нэмэгдэж байгаа аж. Энэ нь тухайн хүүхэд зөвхөн морь уралдсанаас гэмтэж, бэртсэн эрсдэл бус, тухайн жилд тохиолдох бүх осол, гэмтэл гээд 15 төрлийн эрсдэлийн цогц даатгал болохыг МИГ даатгал компанийн ерөнхий менежер н.Мөнхтулга тодотголоо.

“Нөхөн төбөрийн мөнгө таван сая төгрөг байх үед хүүхэд мориноос унаж, бэртээд 1-15 хоног эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 250 мянган төгрөгийн  нөхөн төлбөр авдаг байсан бол одоо долоо хоног эмчилгээ хийлгэхэд даатгалаас нэг сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломж бүрдэж байгаа” хэмээн тэрбээр танилцууллаа. Мөн “Номин”, “МИГ даатгал” гэсэн хоёр компани тээвэрлэх үйлчилгээний зардлыг гаргахаар болжээ. Тухайлбал, холын аймгуудад болдог хурдан морины уралдааны үеэр хүүхэд гэмтэж, бэртсэн тохиолдолд эмнэлэгт хүргэх машин болон нисдэг тэрэгний түрээсийн зардлын 10 хүртэл сая төгрөгийг дээрх хоёр даатгалын компани гаргах юм байна.

Энэ мэтчилэн тухайн хүүхдийг жилийн 365 хоногт гэмтэл ослын бүх эрсдэлээс хамгаалах нь. 2017 онд даатгалд 18230 хүүхэд хамрагдаж, 2,225,700 төгрөг хуримтлагдсанаас 1,219,000 төгрөгийг нөхөн олговорт өгчээ. Харин даатгалд нийт хурдан морь унаж байгаа хүүхдүүдийн 30 хүрэхгүй хувь нь хамрагдсан байна. 

Өнгөрсөн жилийн байдлаар хурдан морины 394 уралдаан болж, давхцаагүй тоогоор 10,340 хүүхэд хурдан морь унажээ. Тэдний 629 нь мориноос унаж, 159 хүүхэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл авсан бол гурван хүүхэд амиа алдсан хэмээн ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлсэн. Тус газраас морь унаж буй хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэх болсон.   

Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах үүднээс тус газар Монголын морин спорт залуу уяачдын холбоо(ММСЗУХ)-той хамтран ажиллахаар болсон байна. Унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгсэл бүрэн ашиглаагүйгээс гэмтэж бэртэх тохиолдол их тул стандартын хувцас хэрэгслийг түрээслэхээр болсноо мөн мэдэгдлээ. Ингэснээр 110-180 мянган төгрөгөөр худалдаалагддаг уг хувцсыг иж бүрнээр нь 20 мянга, өвдгөвч, тохойвч, хантаазыг 10 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой болж буйг ММСЗУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан хэллээ. 

Зураг
13 | 11 | 10 цаг