Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Венесуэлийг цэргийн хүчээр эзлэх боломжийг сонирхож байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны наймдугаар сард Цагаан ордонд Венесуэлийн эсрэг авах хориг арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байхад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн зөвлөхүүдээс бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд тус улсыг цэргийн хүчээр эзлэх боломжийг асууж байжээ.

Тухайн уулзалтад оролцож байсан төрийн нарийн бичгийн дарга асан Рэкс Тиллерсон, үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Макмастер нар ерөнхийлөгчийнхөө асуултад нэлээд цочирдож байсныг нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлсэн байна.

Тэд хоёул албан тушаалаасаа сүүлд огцорсон юм. Гэвч албаныхан ийм санаа Латин Америкийн бусад орнуудын удирдагч нараас дэмжлэг авахгүй, хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг тайлбарлаж байжээ.

Харин Трамп урьд өмнө нь АНУ-ын засаг захиргаа 1980-аад оны үед зэвсгийн хүчээр Панам, Гренадад асуудлыг шийдэж байсан түүхийг дурдаж, санаагаа хамгаалж байсан гэнэ.

Энэ яриа гарсны маргааш нь буюу наймдугаар сарын 11-нд олон нийтэд хандаж үг хэлэхдээ Мадурог төрийн эрхээс зайлуулахын тулд “цэрэг зэвсгийн хувилбар” ярих боломжтойг анхааруулж байв. Гэвч АНУ-ын улс төрийн хүрээнийхэн задгай амтай Трампын үгийг тийм ч ноцтой хүлээж авалгүй өнгөрөөжээ.

Дараа нь Трамп уг асуудлыг Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантостой ярилцахдаа дахин сөхсөн байна. Колумбын дээд албаны хоёр хүн ийм яриа болсныг баталжээ.

Сантос түүний санааг Латин Америкийн удирдагчид огт дэмжихгүй гэдгийг хариу хэлсэн байна. Дараа нь есдүгээр сард болсон НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганы үеэр Трамп Латин Америкийн дөрвөн орны удирдагчидтай оройн зоог барихдаа мөн Венесуэлийг хүчээр эзлэх санаагаа цухуйлгажээ.

Зоогны өмнө туслахууд нь уг асуудлыг сөхөөд хэрэггүй гэж зөвлөж байсан ч Трамп тэднээс зөрж, “Манай хүмүүс намайг битгий энэ талаар яриарай гэсэн” гэж оршилд нь хэлээд яриагаа үргэлжлүүлсэн байна.

Энэ удаа ч Латин Америкийн удирдагчид Трампын санааг огт хүлээж аваагүй гэнэ. Эцэстээ үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан, генерал Макмастер Венесуэлийг эзлэн түрэмгийлэх санааг нь ерөнхийлөгчийн толгойноос авч хаясан ажээ.

Обамагийн үед төсөөлөхөд ч бэрх байсан Венесуэлийн улс төр эдийн засгийн хямралыг шийдэх эрс арга хэмжээг Трамп сонирхож байсан нь анхаарал татаж байгаа юм. АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн ардчилал, тогтвортой байдлыг эргүүлж тогтоохын төлөө ажиллаж байгаа.

Трамп тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг Канад, Европын Холбоо зэрэг холбоотнуудынхаа хамтаар хэрэгжүүлсэн. Үүнээс гадна нэг сая гаруй дүрвэгчийг нь багтааж шингээх арга хэмжээнд зориулж, Венесуэлийн хөршүүдэд $30 сая гаруйг зарцуулжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Зураг
13 | 12 | 14 цаг