Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

50-60 жилийн баталгаатай Яармагийн ШИНЭ ГҮҮРЭЭР энэ сарын 9-нөөс зорчиж эхлэх нь

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх долоо хоногийн Даваа гарагт Яармагийн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх аж. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас тодрууллаа.

-Яармагийн шинэ гүүрээр ирэх Даваа гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрүүлнэ гэлээ. Энэ гүүр хэр удаан хугацаанд, хэдий хэмжээний өртөгөөр баригдсан бэ?

-Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн үндсэн шинэ гүүр есөн сарын хугацаанд баригдаж дуусаад одоо энэ сарын есөнд хөдөлгөөнөө нээх гэж байна.

Гүүр Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртөгөөр боссон. Одоогоор "Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани мөн ажиллаж байна.

-Гүүр хэдэн жилийн баталгаатай, мөн хөдөлгөөнд оруулснаар замын түгжрэл буурах уу?

Энэ гүүр байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай. Баталгааны хувьд 100 жил байх ч бололцоо бий. Шинэ гүүр одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай. Өөрөөр хэлбэл, энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм.

Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй, тэр хавьд ямар нэг саатах зүйл гарахгүй.

-Тэгвэл Яармагийн хуучин гүүрийг хэзээ засварлах юм бол?

-Бид есөнд шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрээ хааж засварлах ажлыг эхлүүлнэ. Энэ оны 11 дүгээр сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

Ерөнхийдөө Яармагийн бүтэн гүүр буюу яармагийн уулзвар орчмын засвар шинэчлэлтийн ажил 11 дүгээр сарын 30-нд бүрэн дуусна.

 
 
 
 
 
https://www.facebook.com/niisleliinzam/videos/1006026746240949/